Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Шарын нялцгайтын овогт Дамдины Хаянхярваад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авчээ. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ. Шүүхэд прокурорын ирүүлсэн санал, прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад яллагдагч Д.Хаянхярваа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” болох нь тогтоогджээ. Тиймээс түүнд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Д.Хаянхярваа нь 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Улмаар худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчил гаргасан гэх шалтгаанаар АТГ-аас түүнийг саатуулан шалгаж буй.