Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жил эхэлж, улирлын шинж чанартай иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг ихэсдэг үетэй уялдуулан “Илрүүлэлт Оргодол-2021” ажиллагааг улс даяар зохион байгуулж байна. Тодруулбал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдүүд, сураггүй алга болсон хүн, хэн болох нь тогтоогдоогүй цогцоснуудыг олж илрүүлэх юм. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн уг ажлын үр дүнг олон нийтэд мэдээлэх аж.