Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын аварга тамирчид “Face“ баарны “Vip” хамгаалалтын албаны залууг 2011 оны 04-р сарын 07-ны шөнө ажил үүргээ гүйцэтгэж байхад нь зодож, хүнд гэмтээжээ.
Хохирогч болох 22 настай У.Ганхөлөг нь удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн хэдий ч одоогоор бөгсөн бие, нуруун хэсэг нь ямар ч мэдээгүй болж хүний асрамжинд орсон байна.
Үүнд шаналсан ээж Ю.Энх-Отгон нь хэвлэлийнхэнд хандлаа.
Хэрэг гарах болсон шалтгаан нь пиво асгарсан шалан дээр хамт явсан эмэгтэй нь хамгаалагч залууг анхааруулсаар байхад тоолгүй хальтарч унаснаас “Хангарьд” клубийн тамирчин жүдо бөхийн ОУХМ С.Ням-Очир, “Женко” клубийн Сугаржаргал, Баянжаргал нарын жүдочид хамгаалагчийг янз бүрийн бүдүүлэг үг хэллэгээр доромжлон, хүнд гэмтэл учруулжээ.
Тэд хэрэг гарсны дараа хохирогчийн ээжтэй уулзаж энэ хэргийг сайтар нууцлах, тэр дундаа эхнэр хүүхдэд нь мэдэгдэхгүй байхыг хүссэн байна. Хэрэв мэдвэл гэр бүл салж сарних дээрээ тулах аж.
Үүний дагуу асуудлыг хүндрүүлээгүй ч одоогоор эмчилгээний бодит зардал 40-өөд сая төгрөг болсон байхад хохирлын мөнгө гэж нийтдээ 800 мянган төгрөг л өгсөн ба бусдыг шүүх хурлын дараа болно гэсэн хэдий ч бүх хэрэг тодорхой, бүр камерт хүртэл бичигдсэн байхад шүүх эмнэлэгийн дүгнэлт худал гарах, шүүх хурлын тов гарахгүй зэргээр хэргийн явцыг удаашруулсаар байгаа ажээ.
Мөн тэд Ганхөлөгийн биеийн байдлыг асууж ганц ч удаа яриагүй гэнэ. Энэ бүхэнд арга хэмжээ авахуулж хүчрэхгүй байгаа ээж нь өнөөдөр ийнхүү аргаа барахдаа хэвлэлийнхэнд хандах болжээ.
Б.Энх-Уянга