“ДЦС-3” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Чинбатад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж НПГ-ын хяналтын прокурорт дахин хүргүүлжээ. Уг нь өнгөрсөн есдүгээр сард шүүхэд шилжүүлэхээр болсон ч прокурор зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэж дүгнэн АТГ-ын мөрдөгчид буцаасан аж.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Ч.Чинбатын албан өрөөнд болон гэрт нь өнгөрсөн долдугаар сарын 30-нд нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан билээ. Улмаар яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорих санал шүүхэд хүргүүлсэн ч шүүгч батлан даалтад гаргасан юм. Ч.Чинбатыг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон бөгөөд эрх мэдлээ урвуулж Б.Баттулга эзэнтэй “Содон номин констракшн” ХХК-д давуу байдал олгон тендерт шалгаруулж, үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байхад санхүүжилтийг нь нь бүрэн олгосон хэрэгт холбогдсон юм.