БНХАУ-ын талаас Эрээний боомтоо хаагаад долоо хоног өнгөрлөө. Угаасаа доголдолтой байсан урд хилийн ачаа эргэлт бүр тэг зогсов. Энэ оны эхнээс л урд хилийн ачаа эргэлт доголдож эхэлсэн. Улмаар экспорт, импортын бараа ачсан автомашинууд Замын-Үүдийн боомтод сар гаруй хугацаанд гацдаг болсон билээ. Эл асуудлыг шийдэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сарын 3-нд Замын-Үүдийн боомтод ажилласан. Ингээд тус боомтыг “төвхнүүлэх” багийг газар дээр нь ажиллуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Нөгөөх багийнхан нь эхлээд нэг сарын дотор асуудлыг шийдэхээ амласан. Мэдээж нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй. Тэр байтугай өдгөө гурван сар өнгөрсөн ч сайжраагүй л байна.
Харин сайжруулах багийн ахлагчаар ажилласан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун томилолтоо дуусгаад Улаанбаатарт буцан иржээ. Тэрбээр “Замын-Үүдэд очоод би гурван сарын дотор гурван жилийн ажлыг хийгээд ирлээ” хэмээн өөрийгөө магтсан байна. БНХАУ-ын талаас Эрээний боомтоо хааснаар Замын-Үүдийн нөхцөл байдал сайжрах битгий хэл илүү хүндэрчихээд байхад дарга нар энд өөрсдийгөө магтаж суух нь ичгэвтэр.
“Юм цэгцэндээ ороод ирэхээр иргэд, жолооч нар, аж ахуйн нэгжүүд ч сэтгэл хангалуун байна. Анх очиход Замын-Үүдэд экспортоор 90 машин гарч байсныг 135-д хүргэсэн. Импортоор 100 гаруй авто тээврийн хэрэгсэл орж ирж байсныг 224 хүргэж ажилласан” гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлжээ. Бас “Зургаан сар хуримтлагдсан их хэмжээний ачааг бид төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд богино хугацаанд татан оруулж ирснээр Эрээн, Замын-Үүдийн ачааны эргэлт хэвийн болж чадсан” гэж байх юм. Харин улс хоорондын ачаа тээврийн жолооч нар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид Замын-Үүдэд ажилласан ч нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүйг хэлэв.
Ямар нэгэн аж ахуйн нэгжид харьяалалгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 5500 гаруй жолооч тус боомтоор ачаа тээвэрлэдэг аж. Тэдний ярьснаар бол Засгийн газрын төлөөлөгчдийн хийсэн ганц ажил нь автомашинуудын дарааллыг цахим хэлбэрт шилжүүлсэн явдал гэнэ. Ингэснээр улс хоорондын тээврийн жолооч нар олон хоног дараалалд зогсох шаардлагагүй болжээ. Тухайлбал, цахимаар дугаар авч, хил гарахаас 3-5 хоногийн өмнө машинтайгаа ирж, зогсдог болжээ. Хэдий тийм боловч дараалал төдийлөн буураагүй гэнэ. Эрээний боомтыг хаасан ч өдгөө 1000 гаруй жолооч хэзээ нэгэн цагт хил нээгдэхийг хүлээн дараалалд зогсож байгаа аж. Тус боомтыг хаахаас өмнө Замын-Үүдээр өдөрт ихдээ 50-60 машиныг урд хөрш рүү нэвтрүүлж байжээ. Үүнээс 25 нь хувийн тээвэрчдийнх. Харин бусад нь Засгийн газрын мэдлийн буюу нүүрс тээврийн машин юм байна.
“Өнгөрсөн 7-8 дугаар сард бид сард нэг удаа тээвэр хийдэг байлаа. Гэтэл есдүгээр сараас дараалал ихэссэн. Ингэснээр улиралд нэг удаа ачаа тээвэрлэвэл их юм болох нь. Яагаад гэвэл Эрээний боомтыг хаахаас өмнө өдөрт 25 машин л хил нэвтрүүлдэг байсан. 5000 гаруй машинаас ийм цөөхөн нь гарна гээд бод доо. Миний хувьд дарааллаа тооцож үзвэл Цагаан сарын өмнөхөн л нэг удаа тээвэр хийх боломж байна. Тээвэрчдийн нөхцөл байдал илт хүндэрлээ. Олонх нь банкнаас мөнгө зээлж, машин авчихсан. Гэтэл ажлаа хийж чадахгүй хүмүүс яаж зээлээ төлөх вэ. Зарим нь банкны зээлээ төлөхийн тулд машинаа зарж эхэллээ шүү дээ” гэж “Сайн залуурч” тээвэрчдийн холбооны тэргүүн М.Энхтүвшин хэлсэн юм.
Замын-Үүдийг халдваргүй “ногоон” бүс болгох шаардлагыг БНХАУ-ын талаас манай улсад байнга тавьж ирсэн. Үүний хүрээнд тээврийн жолооч нарыг тус боомтод нэвтрүүлэхээ больсон бөгөөд наана нь байрладаг Шаргын-Овоогийн хяналтын цэгт тусгаарладаг болсон. Ингэснээр Замын-Үүдээс өөр жолооч очиж, тэдний автомашиныг аваад, Эрээнд хүргээд, буцааж авчирч өгөх зохицуулалт хийсэн. Ингэлээ гээд ч Замын-Үүд “ногоон” бүс болоогүй бөгөөд харин ч дээр дурдсан зохицуулалт нь хүнд суртал, чирэгдэл үүсгэх болжээ. Тухайлбал, Шаргын-Овооны хяналтын цэгт жолооч нар машинаа хүлээн 4-7 хоног тусгаарлагддаг аж. Тусгаарлалтын нэг хоногийн төлбөр нь 20 000 төгрөг. Уг байранд халдвар хамгааллын дэглэм огт мөрддөггүй, байнга л бохир заваан байдаг гэнэ. Түүнчлэн төлбөр авсан хэрнээ орны цагаан хэрэгслийг нь ч сольж, угааж, ариутгадаггүйг жолооч нар хэлсэн. Энэ мэт асуудлыг ч Засгийн газрын томилсон бүрэн эрхт төлөөлөгчид шийдээгүй байна.
Тээвэр эрхлэгчдийн “Алтан шар зам” холбооны тэргүүн Т.Ганбаатар “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид ажилласнаар Замын-Үүдийн нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй. Нэг сайн тал нь хил, гаалийн ажилтнууд арай шуурхай ажилладаг болсон. Замын-Үүдэд өчнөөн асуудал байсан ч тээвэрчид бид дуугүй, хүлээцтэй хандсаар ирсэн. Харин одоо нөхцөл байдлыг өөрчлөх, шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Тээвэрчдийн дөрвөн холбоо бий. Бид хамтарч, асуудлуудаа холбогдох албаныханд тавьж байгаа. Нэн даруй шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, Замын-Үүдээр нүүрс тээвэрлэмээргүй байна. Үнэхээр ийм шаардлагатай бол дугаарлан зогсож байгаа 5500 гаруй жолоочоор энэ ажлыг гүйцэтгүүлээч ээ. Яагаад гэвэл манай тээвэрчид хийсэн ажилгүйгээс ар гэр, амьжиргааны түвшин нь доройтлоо. Түүнчлэн нэг жолооч тээвэр хийхийн тулд 1.5-1.8 сая төгрөгийн зарлага гарган, машинаа найман жолоочийн гар дамжуулдгийг таслан зогсоох хэрэгтэй. Учир нь жолооч нарыг Шаргын-Овоонд тусгаарлачихаад машиныг нь Замын-Үүд, дараа нь чөлөөт бүсийн хашаа, хойд дундын бүс, хилийн тэг цэг, урд дундын бүс гэсэн чиглэлээр нэг талдаа дөрвөн өөр жолоочид дамжуулдаг. Буцаад уг чиглэлээр ирнэ. Тэр бүх жолоочид бид мөнгө төлдөг. Жолооч нарыг ингэж тусгаарлалаа гээд Замын-Үүд “ногоон” бүс болоогүй. Халдвар гарсаар л байна. Тиймээс олон шат дамжлагыг цөөрүүлж, тээвэрчид өөрсдөө машинаа жолоодон, хилийн тэг цэгт хүргэж, урд хөршийн жолооч нарт дамжуулах боломж бүрдүүлэх шаардлагатай. Холбогдох байгууллагынхан нь энэ асуудлыг анхааралдаа аваасай” гэв.
“Сайн залуурч” тээвэрчдийн холбооны тэргүүн М.Энхтүвшин ч үүнийг бататгаж “Замын-Үүдийн боомтын зөвлөлөөс чөлөөт бүсийн хашаанд байгаа тээврийн хэрэгслийг хилийн тэг цэгт хүргэхэд дундын жолооч заавал байх шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Дундын бүсэд 80 гаруй жолооч ажилладаг. Гэтэл тэнд ажилладаг зарим хүн том оврын, хүнд даацын машин жолоодох дадлага туршлагагүй. Тэд бидний амьжиргааны баталгаа болсон автомашиныг эвдэх, ачаа барааг унагаах, тээврийн хэрэгслийн эд ангийг солих, хулгайлах, тонох зэрэг асуудал хэрээс хэтэрч, цагаандаа гарсан. Энэ асуудлаар бид төрийн захиргааны шат шатны байгууллагад хандсан ч хариуцах эзэн олддоггүй. Хэрэв үнэхээр л дундын бүсэд жолооч нар ажиллуулах шаардлагатай бол тухайн хүнтэй хариуцлагын болон эрсдэлийн гэрээ заавал байгуулах шаардлагатай. Эс тэгвээс бид өөрсдөө машинаа жолоодоод хилийн тэг цэгт очъё. Тэгвэл шат дамжлага багасаж, боомтын ачаа эргэлт ч сайжрах боломжтой” хэмээлээ.
Нэгэнт урд хөршийн талаас Эрээний боомтоо хаасан тул энэ үеийг ашиглаад Замын-Үүдийн нөхцөл байдлыг сайжруулж, арга хэмжээ авах шаардлагатайг улс хоорондын тээврийн жолооч нарын төлөөлөл хэлж байлаа. Тэгвэл Эрээний боомтыг хэзээ нээх, манай улс урд хөрштэй энэ чиглэлээр яриа хэлэлцээр хийж буй, эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Хилийн боомтыг хэзээ нээх нь одоогоор тодорхойгүй. Өнөөдөр (өчигдөр) авсан мэдээллээр Эрээнд илрүүлсэн тохиолдлын тоо тав болж нэмэгдсэн байна” гэлээ.
Эргэн сануулахад, Монголоос бараа, бүтээгдэхүүн оруулж ирдэг, Эрээн хотын “Хуйтун” ложистикийн бүсийн ажилтнаас энэ сарын 13-нд коронавирус илэрсэн. Үүнтэй холбоотойгоор 14-ний 00.00 цагаас Эрээнд хөл хорио тогтоож, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосны дотор хилийн боомт ч хамрагдсан юм. Улмаар уржигдрын 11.00 цагаас хөл хориог чангатган, хүнсний дэлгүүрүүдийг ч хааж, хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Тэгвэл Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээлснээр, халдвар авсан хүний тоо тав болж нэмэгдсэнтэй холбоотойгоор хөл хориог өчигдрөөс дахин чангатгажээ. Үүний хүрээнд эмийн сангуудыг ч хаан, хотын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, гудамж, талбайг дрон болон камераар хянаж эхэлсэн байна. Халдвар авсан хүний тоо ийнхүү нэмэгдсэнээр хилийн боомтыг хаасан хугацаа уртсах эрсдэл үүслээ. Манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний 80 орчим хувийг оруулж ирдэг Эрээний боомт удаан хугацаанд хаалттай байснаар олон эрсдэл тулгарах юм. Тухайлбал, бараа, бүтээгдэхүүн хомсдох, үнэ нь нэмэгдэх зэрэг эрсдэлтэй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс хоорондын ачаа тээврийн эргэлтийг өвлөөс өмнө хэвийн болгоно гэж мэдэгдсэн. Тодруулбал, тэрбээр энэ сарын 12-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахимаар уулзаж, Тяньжин боомтод саатсан, Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай татан авах шийдэлд хүрснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлж байв. Гэсэн ч үүнээс хоёр хоногийн дараа Эрээний боомтыг хааж, өвлөөс өмнө ачаагаа авах нь өнгөрөв. Бас экспорт, импортын гацаа хэзээ арилах нь тодорхойгүй боллоо.
Бэлтгэсэн М.Оч