БНСУ-ын Сөүл хотын Чүнбүк дүүргийн цагдаагийнхан энэ сарын 8-нд дөрвөн монгол залууг саатууллаа. Тэд хамт байсан нутаг нэгтэнтэйгээ муудалцан зодолджээ.
Иргэн Б-г дөрвөн залуу зодож гэмтээгээд хэтэвчинд нь байсан мөнгө, картыг авсан аж. Тэд айлган сүрдүүлж картынх нь нууц дугаарыг хэлүүлсэн гэнэ. Б ойролцоох цагдаагийн хэлтэст хандсанаар гэмт хэрэг үйлдсэн залуусыг хайж эхэлсэн аж.
Цагдаагийнхан картыг хаана уншуулж байгаагаар нь байршлыг тогтоон, дөрвөн залууг шөнийн цэнгээний газарт байхад нь саатуулжээ.
Тэд Б-ийн картнаас зургаан цагийн дотор 23 удаагийн үйлдлээр хоёр сая орчим вон авсан байж. Өмнө нь монгол иргэд мөнгөө, картаа дээрэмдүүлсэн хэрэг удаа дараа гарч байсан гэнэ. Энэ мэт хэргийг тэднийг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэн, шалгаж байгаа аж.
Х.Хангал