Хүн төрөлхтний дунд “зэрлэгүүд” хэмээн нэрлэгддэг, голдуу Африк тив, Зүүн Өмнөд Азийн арал, ширэнгэд амьдардаг, өвөрмөц уламжлал бүхий овгийнхон аль ч үед хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн. Соёлт ертөнцөөс тэс өөр амьдралын хэв маяг, тодруулбал, балар эртний гэмээр байдлаа халаагүй учраас тэднийг ийнхүү гайхан хүлээн авдаг. Тэгвэл бидэнтэй хаяа нийлэх шахам, Сибирь, Алс Дорнодод амьдардаг уугуул иргэд “соёлт” хүмүүсийн сонирхлыг татсаар иржээ. Магадгүй өвөрмөц өв соёл, зан заншлаараа бидэнтэй төстэй учраас монголчуудын хувьд тэндхийн амьдрал шинэ, содон санагдахгүй байж мэднэ. Ямартай ч тэд бол өвөг дээсийнхээ уламжлалыг тэр чигт нь хадгалахаар зорьж яваа өв тээгчид юм. Оросын судлаач, аялагч Александр Ведерников тэр нутгийнхны уламжлал, зан заншлын өвөрмөц байдлын талаар ийнхүү тэмдэглэжээ.
ОХУ-ын Буриадын баруун хязгаар, Зүүн Саяны уулархаг нутгаар урсдаг Ока голыг буриадууд Аха гэж нэрлэдэг. Эрт нэгэн цагт тайга дахь нууранд живсэн ахынхаа төлөө дүү нь гашуудан уйлж “Ах аа” гэж дуудсаар нулимс нь усан сангаас хальсан тухай домгоос үүдэлтэй нэр аж. Эл нутагт очихын тулд Эрхүү, эсвэл Улаан-Үд рүү нисэж, дараа нь микро автобусаар хагас өдөр явна.
Окинский дүүрэг бол хамгийн алслагдсан газар. Төв нь Орлик. Нутгийнхан буриадаар харилцдаг. Төрөлх хэл соёлоо хадгалах том зорилго үүнд оршино. Окинскийн хүн амын олонх нь соёот, буриад-хонгодорууд.
Соёотуудыг 2002 онд Бүх Оросын хүн амын тооллогоор бие даасан угсаатны бүлэг хэмээн бүртгэж, уугуул иргэдийн статустай болгожээ. Тэд өөрсдийгөө энэ нутагт буриадууд нүүж ирэхээс өмнө нутаглаж байсан эртний самодын үр сад гэдэг. Өөрөөр хэлбэл, соёотууд бол Окагийн уугуул бөгөөд түүх сөхвөөс монгол, түрэг үндэстнүүдтэй холилдсоных нь илрэл бол соёл, ёс заншлаас нь харагддаг. Соёот хүнийг харагдах байдлаар нь буриадаас ялгах амар биш юм. Эхэндээ тэд Уралын хэлний бүлэгт багтах, өдгөө бараг устаж үгүй болсон соёот хэлээр ярьдаг байв. Дараа нь Түрэгийн соёлд автан соёот-цаатан хэл рүү (тува хэлтэй төстэй) шилжсэн. Хожим нь буриадуудад уусжээ. Соёот хэлийг сэргээх зорилгоор 2001 онд кирилл цагаан толгойд тулгуурлан бичгийн систем боловсруулж, ном, сурах бичиг хэвлэх болжээ. 2003 онд “Соёот-буриад-орос хэлний толь бичиг” хүртэл хэвлэж, 2005 оноос Буриадын Окинский дүүргийн сургуулийн бага ангиудад соёот хэл зааж эхэлсэн байна.
Соёотууд гөрөөлж, цаа буга малладаг уламжлалтай. Харамсалтай нь, ЗХУ-ын үед цаа бугын аж ахуйг эдийн засгийн өгөөжгүй гэж устгаж, агнуурын бүс нутгийг нь мод бэлтгэх аж ахуйд шилжүүлснээр энэхүү угсаатны уламжлалт амьдралын хэв маяг ихээр алдагдахад хүрсэн аж. Гэхдээ тэд нийгэм солигдсоноос хойш уламжлалаа сэргээж, цаа буга, сарлагийн аж ахуй эрхлэхэд түлхүү анхаарч иржээ. Соёотын соёлыг сэргээж, ардын урлагийн уламжлалыг нь хадгалахын тулд 2018 онд Орлик хотод Соёл, урлагийн төв байгуулжээ. Окинскийд соёотуудаас гадна Монголын буриад үндэстнүүд амьдардаг. Тэд бөө мөргөл, буддын шашин шүтдэг. Окинский дүүргийн оршин суугчид маш зочломтгой. Зочдоо уламжлалт хоол болох буузаараа дайлдаг юм билээ.
Бэлтгэсэн Э.Хана