Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2013 онд баталжээ. Энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэх хугацаа дууссантай холбоотойгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхлээд буй. Уг төлөвлөгөөнд олон нийтээс санал авах ажлыг өнгөрсөн сарын 29-нд эхлүүлсэн юм. Санал асуулга энэ сарын 29 хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд ulaanbaatar2040.mn, manaikhoroo.mn сайтад нэвтрэн, цахимаар санал өгөх боломжтой. Цахим санал асуулгын эхний долоо хоногийн үр дүнг гаргасан бөгөөд Баянзүрхийн оршин суугчид хамгийн идэвхтэй оролцжээ. Мөн Баянгол, Хан-Уул, Чингэлтэйн иргэд идэвхтэй байв.
Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтийн Маркетинг, менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа “Уг нь иргэдийг цуглуулж, са нал авахаар төлөвлөж байсан. Гэсэн ч цар тахлын улмаас цахимаар болон хороодоор дамжуулан санал авч эхэллээ. Мөн QR кодтой зурагт хуудсыг хороо, дүүргүүдэд байрлуулсан. Иргэд гар утсаараа уг кодыг уншуулснаар санал өгөх сайт руу шууд нэвтрэх юм. Эхний долоо хоногийн дүнг харахад нийгмийн дэд бүтэц, ялангуяа цэцэрлэг шаардлагатай гэсэн санал цөөнгүй гарлаа. Мөн агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг шийдэх санал дийлэнх хувийг эзэлсэн” гэв.