Дэлхийн зайлшгүй хамгаалбал зохих 200 бүсийн нэг гэж тооцогддог, олон улсын экосистемд нэн чухал үүрэгтэй газар хэмээн судлаачид үнэлдэг Соёны нурууны зонхилох буюу 90 хувь нь Монгол, Оросын хил залгаа хэсэгт оршдог. Тиймээс эл бүс дэх амьтан, ургамлын нөөцийг хамгаалах, экосистемийг хадгалан үлдэх чиглэлээр манай улс хойд хөрштэй нягт хамтран ажилласаар ирсэн. Үүний үр дүнд гарсан нэг дэвшил нь хилийн бүс дэх аргалийн тоо толгой 2003 оныхоос 4.2 дахин өсжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол болон Орос дахь салбарын судлаачид 18 жилийн өмнөх тооллогоор хоёр орны хил залгаа бүсэд 1060-1140 бодгаль бүртгэж байж. Харин сүүлд хийсэн судалгаагаар 4841 болж өссөнийг тогтоо лоо. Энэ нь 2017 оныхоос 166-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Хилийн бүсийг нарийвчлан зааглавал нийт аргалийн зонхилох буюу 70 орчим хувь нь Монголд, үлдсэн нь Оросын харьяаны нутагт идээшиж байна гэж судлаачид онцлов.