МХЕГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар эмийн сангуудад шалгалт хийлээ. Тэд эмийн чанар, үнэ болон хүлээн авсан жорын маягт стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьжээ. Шалгалтад нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 72 эмийн сан хамрагдсан байна. Гурван эмийн санд худалдаж байсан 11 нэрийн эм манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байв.
Мөн эмч нар эмийн жорыг хангалтгүй бичиж байгаагаас шалгалтад хамрагдсан эмийн сангуудын 10 гаруй хувь нь жоргүйгээр эм олгосон байна. Тухайлбал, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Инжирт”, “Шидэт рашаан”, “Даш”, “Хан- Өндөр”, “Баян-Уул”, “Эмийн үйлдвэр” ХХК-ийн эмийн сан жороор олгох эмийг жоргүйгээр олгожээ.
Түүнчлэн тус газраас 2008 онд 101 эмийн сангаар худалдаж буй сэтгэцэд нөлөө үзүүлдэг эмийн зөвхөн 10 хувийг жороор, 80 хувийг картаар, 10 хувийг огт жоргүйгээр олгосон байсан нь энэ удаагийн шалгалтаар илэрсэн байна.
Эм ханган нийлүүлэх байгууллагууд импортын болон үйлдвэрийн өртгөөс дунджаар 21.4 хувиар, эмийн сангууд эм ханган нийлүүлэх байгууллагаас авсан үнээс дунджаар 30 хувиар эмийн үнийг нэмэгдүүлж худалдаж байсан зэрэг зөрчил илэрчээ.
С.Аз