Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр Цахим мөрийтэй тоглоомын хор уршиг, учирч болох эрсдлээс сэргийлэх чиглэлээр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулууны мэдээлснээр цахим орчинд мөрийтэй тоглох, зохион байгуулах гэмт хэрэг өнгөрсөн оныхоос 8 дахин өсчээ. Тодруулбал, 2020 онд энэ төрлийн гэмт хэрэг 56 бүртгэгдэж байсан бол цар тахлаас шалтгаалсан шат дараалсан хөл хорионы үед 326 болж нэмэгдсэн байна.
Мөрийтэй тоглоом тоглож байгаа иргэд тээврийн хэрэгсэл, үнэ бүхий эд хогшлоо, тэр ч бүү хэд орон байраа зарж, эсвэл банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, мөрийтэй тоглодог байна. Мөнгөө мөрийнд алдсныхаа дараа ч донтсон хэвээр байдаг бөгөөд найз нөхөд гэр бүл, садан төрөл, ойр дотныхоо хүмүүсийн мөнгийг залилан мэхэлж, дахин тоглодог. Бүр аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтан байгууллагынхаа мөнгийг хувьдаа ашиглаж, улмаар дампуурсан тохиолдол гарчээ. Мөрийтэй тоглоомын улмаас гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт гаарч, хүүхэд өнчрөх зэрэг нийгэмд сөрөг үр дагавар авчирсаар байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагаагаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа этгээдүүд хөндлөнгөөс тоглогчдын хөзрийг харах, солих, улмаар хэн нэгэн тоглогчдод давуу байдал үүсгэх замаар хожих, зохион байгуулалттай гэмт үйлдэл хийсэн нь тогтоогдсон байна. Энэ нь тус мөрийнд хэн ялахыг зохион байгуулж байгаа хүн мэднэ гэсэн үг. Тиймээс энэ тоглоомд ялагч болно гэж байхгүйг онцолсон. Түүнчлэн өдөрт дунджаар 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээг 1000 гаруй хүний данс ашиглан гүйлгээ хийснийг ЭЦА Банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч судалжээ.
Иймээс Улсын ерөнхий прокурорын ерөнхий газар, Монголбанк Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд хамтарч арилжааны банкны данс ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулсан болон хэсэг бүлгээрээ нэгдэн мөрийтэй тоглож байгаа иргэдийг таслан зогсоохоор ажиллаж байна.
Одоогоор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтад хандсан мөнгийг татан төвлөрүүлж, тараалт хийж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоож, их хэмжээний мөнгийг битүүмжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Бэлтгэсэн Б.Содгэрэл