ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим төхөөрөмж рүү удаа дараа нэвтэрсэн залуусыг шүүх хурал хойшилжээ. Тус байгууллага эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэл гаргаж, зайн анагаах ухаан, цахим эрүүл мэнд, мэдээллийн технологийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулдаг чухал сувъект. Харамсалтай нь, эл онцгой чухал үүрэг хүлээдэг байгууллагын цахим төхөөрөмж рүү насанд хүрээгүй хүүхэд хэдэнтээ нэвтэрсэн аж. Тодруулбал, Э.Билгүүн-Эрдэнэ нь насанд хүрээгүй Г.Золбообаяртай бүлэглэн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим төхөөрөмж рүү 2019 оны арванхоёрдугаар сарын 19-нд, мөн 2020 оны гуравдугаар сарын 26-нд нэвтэрч орсныг ЭЦА-ны мөрдөгчид тогтоосон гэнэ. Тэдэнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 26.1-2-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс аравдугаар сарын 14-нд тэдний гэм буруутай, эсэхийг хэлэлцэхээр тов гаргасан юм. Гэвч Э.Билгүүн-Эрдэнийн өмгөөлөгч өөр газарт шүүх хурал давхацсанаа баримттай ирүүлсэн байна. Тиймээс насанд хүрээгүй хүүхэд төрийн байгууллагын цахим төхөөрөмж, сүлжээнд нэвтэрсэн хэргийг хэлэлцэж чадалгүй, хойшлуулжээ.
26.1 дүгээр зүйл.Цахим мэдээлэлд хууль бусаар халдах
2.Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; компьютерийн өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан; мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.