Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийн ивээл дор “Шударга ёс, хүний эрх, хуулийн засаглал” сэдвийн доор шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган болов. Чуулганд шүүх, прокурор, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.
“ТӨГС САЙН МЭДЛЭГГҮЙ Ч ТӨГӨЛДӨР САЙН ЁС СУРТАХУУНТАЙ БАЙХ ЁСТОЙ”
Төрийн тэргүүн чуулганыг нээж үг хэлэхдээ хуульчийн баримтлах үнэт зүйл нь мэргэжлийн ёс зүй, сахилга хариуцлага байх ёстойг онцлоод, “Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой” гэлээ. Мөн “Эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтөн, арга зальтан бусдаас давуу эрх эдлэх, хөнгөн ял шийтгэл хүлээх зэрэг тэгш бус байдал одоо хүртэл оршсоор байна. Удааширсан, иргэдийг залхаасан байдал нь ард иргэдийг хохироогоод зогсохгүй эцэстээ хууль шүүхэд итгэх олон түмний итгэл хөсөрдөхөд хүргэж байна. Нэг талаас энэ нь гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ял завших боломж, нөгөө талаас гэм буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгохоор зорьж буй иргэнд нэг ёсны эрүү шүүлт ч болж байна. Удаан хугацаанд, тодорхой саад, бэрхшээлийг даван туулж, шалган тогтоосон хэрэг шийдвэрлэгдэхгүй байх нь мөрдөх, шүүх, прокурорын байгууллагын ажлыг үр дүнгүй болгож байна” хэмээсэн. Эцэст нь хууль, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээж, хуулийн байгууллагын шинэчлэлийг цогцоор нь хийх шаардлагатайг тэмдэглэсэн юм. Тодруулбал, тэрбээр шүүхийн шинэтгэлийн араас прокурор, мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх ёстой гэв. Ингэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль тогтоомжийн шинэтгэлийг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн хийх хэрэгтэйг хэлж байлаа.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МӨРДӨХ АЛБАНЫ ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО
Цаашид шүүхийн шинэтгэлтэй уялдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түргэн шуурхай явуулах, шүүхийн бус журмаар төлбөр барагдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээсэн мэндчилгээндээ онцолсон. Түүнчлэн эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж буйгаа дуулгав. Мөн мөрдөх албаны тогтолцоог боловсронгуй болгох, эрхзүйч, хууль сахиулагч бэлтгэх байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах, мэргэшсэн, ёс зүйтэй, ур чадвартай хүний нөөцийг үе шаттай бүрдүүлэхэд анхаарч, хувийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчийг бэлтгэх бодлогыг баримталж байгаа гэлээ.
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүхийн шинэчлэл, бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага” сэдвээр илтгэл тавихдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шүүхийн хараат бус байдал, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлд алхам урагшилж буйг дурдаад, “Одоо шүүгчид бид бусдаас бие даасан, хараат бус байдлын баталгааг нэхэж шаардахаас өмнө шинэчлэлийн эдгээр боломжийг зөв, шударгаар ашиглаж, өөрт ногдох ачааг өөрсдөө үүрч, хариуцлагаа ч хүлээх цаг үе ирсэн” хэмээсэн юм. Мөн тэрбээр “Цаашид шүүгчийн хараат бус байдалд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна. Социализмын үеийн шүүхийг тодорхойлдог “телефон жастис” буюу дарга утасдаж, хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь хуульчилсан тунхаг, хэлбэр төдий зохицуулалтаар “шилэн хорго”-нд амь бөхтэй явж ирснийг пост-социалист улсууд халахыг зорьж, шүүхийн шинэтгэлдээ тасралтгүй анхаарсаар байна. Ийм байдал биднийг тойроогүй юм шүү. Хуучин нам, төрөөс хамаардаг байсан бол харин одоо өөр этгээдээс болж өөрчлөгдсөн. Тэр шинэ хамаарагч нь ихэвчлэн шүүгчийн томилгоонд оролцоотой этгээд, дээд шатны шүүхийн шүүгч болон ерөнхий шүүгч нар болоод буйг судалгаагаар тодорхойлжээ. Одоо бид энэ хамааралт сэтгэлгээнээс ангижрах цаг болсон. Хамааралгүй ажиллах хууль зүйн үндэслэл нь Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд чамлахааргүй бүрдлээ. Тиймээс шүүгчид нэр дэвших, шат ахихдаа улс төрийн болон шүүхийн зарим нэг эрх дархтай этгээдтэй холбогдож, түүгээр дамжуулан нөлөөлөх хууль бус үйлдэлд орон зай байх ёсгүй. Цаашид мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй шүүгчдэд ахиж дэвших үүд хаалга нээлттэй байна. Гэхдээ нэг хүнд ногдох шүүхийн төсөв туйлын чамлалттай байгааг Дээд шүүхийн ерөнхий шүүгч онцолсон. Иймд “Шүүхийн төсөв” гэхээр шүүгчийн цалин, ширээ сандал төдий ойлголтоо хаяж, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэддээ зориулж буй хөрөнгө оруулалт гэж харахыг хүслээ. Улсын хэмжээнд бүх шатны шүүхэд нийт 724 шүүгч ажиллах ёстойгоос өдгөө 205 орон тоо дутуу байгаа аж. Нөгөө талаас 2016 онд нийт 62 мянган хэрэг шийдвэрлэж байсан бол 2020 онд 89 мянга болж, ачаалал нь нэмэгджээ.
ЦЕГ-ЫН ДАРГА 60 ЖИЛИЙН ӨМНӨХ ХУУЛИЙГ САНАГАЛЗАВ
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат “Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьсан. Түүний хэлснээр 2021 оны эхний хагас хүртэлх тоон мэдээллээс харвал, сүүлийн гурван жилд гэмт хэргийн тоо буурсан ч авлигын, мөнгө угаах, хүн худалдаалах болон цахим гэмт хэрэг 30-43 хувиар өсжээ. Мөн дээрх хугацаанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээтэй холбоотой гэмт хэрэг 830 бүртгэгдсэн нь 20.1 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 68 хувь нь 18-30 насны залуус байгаа аж.
АТГ-ын дарга З.Дашдаваа “Шударга ёс, хамтын ажиллагаа” сэдэвт илтгэлдээ нэг жилийн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийн дунджаар 10 хувь нь улс төрийн албан тушаалтан байгааг дурдаж, энэ оны эхний хагас жилийн байдлаар 924 хэргийг мөрдөн шалгаж, 119-д нь яллах дүгнэлт үйлдсэнээс 44-ийг нь шийдвэрлэснийг онцолсон. Иймд авлигын гэмт хэрэгт ногдуулж байгаа ял, шийтгэлийн хэлбэр, хэмжээг чангатгах, хөөн хэлэлцэх хугацааг уртасгах шаардлагатай байгааг анхааруулсан юм.
Харин Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга замыг танилцуулав. Тухайлбал, 1964 онд батлан мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үзэл баримтлал манай өнөөгийн хөрсөнд тохирсон хэмээн байр сууриа илэрхийлж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэлээ.