Тэрбум мод тарихын тулд урьдаар төлөвлөгөө, менежментээ тодорхойлж, бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Яаран хөдөллөө гээд алдахаас хожихгүй, ургуулсан бус, газарт булсан модны тоо л нэмэгдэнэ хэмээн судлаач, мэргэжилтнүүд зөвлөсөөр байна. Тооны араас хэт хөөцөлдөх бус, чанар, гүйцэтгэлд анхаарах хэрэгтэй гэж сануулсаар буй. Үүний тулд хийх хамгийн эхний алхам бол чанартай, тухайн газрын хөрсөнд идээшихүйц тарьц, суулгац сонгох нь юу юунаас чухал. Дараа нь арчилгаа тордолгооны асуудал эрэмбэлэгдэнэ. Гэтэл монголчууд өнөөх л уламжлалаараа, сурсан зангаараа хаа дуртай газраасаа тарьц, суулгац авчирч тарин, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эмх замбараагүй эхлүүллээ.
Урт, богино, том, жижиг, үндэстэй, үндэсгүй, навчит, шилмүүст гээд хүссэн, олдсон модоо энд тэндгүй тарилаа. Үүнээс улбаалаад нийгэмд хардлага үүсэв.
Энэ олон аж ахуйн нэгж, байгууллагынхан тарьц, суулгацаа хаанаас авчраад байна вэ, ийм олон тооны мод нийлүүлэх газар бий бил үү хэмээх асуулт урган гарлаа. Ойгоос мод авчраад буй юм биш биз гэх болгоомжлол, хардлага олон нийтийн дунд бий болов. Уулнаас ургаа мод авчирч хотын төвөө чимдэг хүмүүс тэгж болчимгүй авирлаж мэднэ гэж сэжиглэв. Энэ асуултад хариулт авахаар БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, “Ойн судалгаа, хөгжлийн төв” ТӨҮГ-т хандлаа.
Нийслэлийн Байгаль орчны газрынхан “Энэ намар ойгоос нэг ширхэг ч мод авчирч тариагүй” хэмээн итгэлтэйгээр хариуллаа. Нийт хэчнээн мод хаанаас авчирч тарьсныг лавлахад “Хан-Уул дүүрэг дэх Түргэний гол дагуу, “Ногоон хэрэм” төслийн талбай, Сонгинохайрхан дахь “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэн, Баянгол дахь “Баянгол агро парк”-ийн хашаа, Налайх дахь шинэ цэцэрлэгт хүрээлэн гэсэн дөрвөн байршилд нэгдсэн журмаар мод тариулсан. Нийт 329 байгууллагын 9011 албан хаагч 19 мянга гаруй мод, сөөг суулгасан. Тарьцыг ойн ангиудаас урьдчилан бэлтгэж, хуваарилсан. Дээрх дөрвөн байршлаас өөр газарт, сайн дураараа мод тарьсан иргэн, аж ахуйн нэгж цөөнгүй бий. Тэд ихэвчлэн хувийн мод үржүүлгийн газруудаас бэлдэц авсан болов уу. Нэгдсэн арга хэмжээнд хамрагдсан хүмүүс бүгд үрээр үржүүлсэн тарьц суулгасан” гэв. Харин БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрынхан “Намрын мод тарилтад зориулж “Ойн судалгаа хөгжлийн төв” болон орон нутгийн ойн ангиудаас 10 мянган тарьц, суулгац бэлтгүүлж, байгууллагуудад нийлүүлсэн” гэсэн мэдээлэл өглөө. Салбарын сайд ч албан ёсны цахим хуудсандаа ингэж бичжээ. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгжүүд албаныхны тооцоолж, бэлтгэснээс 9000-аар олон мод тарьжээ. Гэхдээ энэ нь зөвхөн нэгдсэн журмаар арга хэмжээнд оролцсон хүмүүсийнх. Сайн дурынхныг оролцуулбал энэ тоо хэд болж нэмэгдэхийг таашгүй. Тэгэхээр нийслэлчүүдийн тарьсан модны талаас илүү хувийнх нь гарал үүсэл нь тодорхойгүй гэсэн үг. Албан ёсны зөвшөөрөлтэй мод үржүүлгийн газраас авсан уу. Хувь хүнтэй наймаалцсан уу. Модны үрсэлгээ, суулгац дамлан худалддаг бизнес эрхлэгчдэд орлого оруулсан уу. Аль эсвэл модны хулгайчдад хөрөнгө оруулсан уу. Ер тодорхой зүйл алга.
Ойрын хугацаанд мод тарихаар төлөвлөж, цахимаар мэдээлэл түгээсэн хоёр байгууллагатай холбогдлоо. Тэдний нэг нь “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК. Эднийх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах Авто худалдааны цогцолборын талбайд 3000 мод тарихаар болжээ. Тус арга хэмжээг хариуцсан хүнтэй холбогдож, “Тарьц бэлэн, эсэхийг, мөн хаанаас авсныг нь асуухад “Энд бэлэн бий. Ширхгийг нь 2200 төгрөгөөр борлуулж байна. Мод тарьдаг хүнээс тарьц, суулгацаа авсан” гэлээ. “Хувьдаа мод үржүүлгийн газар ажиллуулдаг юм. Танайд тарьц, суулгац нийлүүлэх хүсэлтэй байна” хэмээн санал тавихад “Бололгүй яах вэ. Дараагийн удаа танайхаас авъя” гэж уриалгахан зөвшөөрлөө. Хаанахын, ямар газар болох, хэр зэрэг чанартай тарьц нийлүүлдэг зэрэг хамгийн чухал мэдээллийг огт сонирхсонгүй.
Уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилладаг “Дэвжих тал” компанийн олон нийттэй харилцах албаны менежертэй холбогдлоо. Тус компанийнхан энэ долоо хоногт багтаад, Багануурт 1000 мод тарих төлөвлөгөөтэй гэнэ. Дээрх байгууллагынханд тавьсантай ижил санал хэлэхэд “Төв аймагт байдаг мод үржүүлгийн газраас шинэс, хайлаасны 500 суулгац авсан. Үлдсэнийг нь авах хэрэгцээ бий. Хамтран ажиллаж болох байх. Захиралтайгаа зөвлөөд, хариу хэлье” гэлээ. Дахин залгаснаа “Танай байгууллагын нэр юу билээ” хэмээн тодруулав. Манайх ойн мэргэжлийн байгууллага, чанартай мод нийлүүлдэг гэж тодотгоход эргэлзээнгүй итгэв бололтой. “Тэгвэл бүр сайн хэрэг. Эргээд холбогдъё” гээд утсаа салгав.
Эндээс монголчуудын экологийн боловсрол, мод тарих үйл явцын талаарх ойлголт, мэдлэгийн түвшин илт харагдаж байна. Тарьц, суулгацад ч гэсэн чанар бий. Хэр зэрэг эрүүл, удамшил сайтай (хэвийн ургалттай, өвчингүй модыг ийнхүү хэлдэг) үрээр үржүүлсэн тарьц вэ, ямар орчинд, хөрсөнд ургуулсан бэ гэдэг нь нэн чухал. Гэтэл монголчууд үүнийг ер ойшоодоггүй, шинждэггүй аж. Гагцхүү мод, сөөг шиг хэлбэр дүрстэй байхад л болдог гэлтэй. Үүнээс үүдээд тарьц, суулгацын чанарын үзүүлэлт, стандарт орхигджээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд модны чанарын баталгаа, үзүүлэлтэд төдийлөн ач холбогдол өгөхөө байжээ. Энэ нь модыг зөвхөн бизнесийн нүдээр хардаг, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлдэг хүмүүст дураараа дургих нэн таатай орчин бүрдүүлж буй юм. Дээрх хоёр компанийнхан гэхэд хэнтэй ч хамтран ажиллаж, тарьц, суулгац худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Үнээ тохироод, тоо ширхгээ тодорхой болгочихвол уулнаас авчирсан уу, үрээр үржүүлсэн үү, дамлан худалдаж байна уу гэдэг нь сонин биш бололтой. Байгууллага мод тарих болоход хэн нэгэн нь хаанаас ч юм бэ, хэдэн тарьц олж авчирдаг, өнөөхийг бусад нь үг дуугүй булж орхидог жишиг Монголд тогтжээ.
Тэвш дүүрэн ногоон мод ачсан “ЗиЛ-130” машины зураг сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр нэлээд “явав”. Албаныхан сандарч байна гэж жигтэйхэн. “Олон жилийн өмнөх зураг. Ойгоос ганц ширхэг ч мод шилжүүлэн суулгаагүй. Цаашид ч суулгуулахгүй. Ерөнхийлөгч үүнийг хатуу анхааруулсан” хэмээн элдэв тайлбар дагуулж сууна. Гэвч үүнийг батлах баримт алга. Ерөөсөө тарьц, суулгацын худалдааг хатуу хянаж, зохицуулдаг тогтолцоо манай улсад байхгүй учраас ийм маргааныг эцэслэхэд бэрхшээлтэй.
“Ойн судалгаа хөгжлийн төв”-ийнхөн жил бүрийн хавар, намар тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулдаг. Нийслэлийн ойр орчимд мод үржүүлгийн талбайтай, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй, ойн мэргэжлийн 30-35 аж ахуйн нэгж үүнд тогтмол оролцдог гэнэ. Тэгэхээр хотын хэмжээнд ийм тооны мод үржүүлгийн газар бий гэж багцаалдаж болох нь. Эдгээр нь хамгийн түгээмэл 37 төрөл зүйлийн мод үржүүлдэг бөгөөд жилд дунджаар 600 мянган ширхэг тарьц, суулгац нийлүүлэх боломжтой юм байна. Гэвч хотын төвөөс алслагдсан, улирлын чанартай үйл ажиллагаатай, сурталчилгаа, маркетинг хийдэггүй зэргээс үүдээд иргэд энэ газруудыг тэр бүр мэддэггүй аж. Зорьж очин, үйлчлүүлдэг хүн ч ховор гэнэ. Тиймээс дээрх төвийнхөн мод үржүүлгийн газруудын мэдээллийг нэгтгэсэн платформ хөгжүүлж буйгаа дуулгалаа. Ингэснээр иргэд мэдээлэл, мэдлэгтэй болно, баталгаатай газраас чанартай тарьц, суулгац худалдан авах боломж бүрдэнэ гэж үзжээ. Улмаар тарьц, суулгацын хууль бус худалдаа, нийлүүлэлт багасна гэж тооцоолжээ.
Орон нутаг дахь мод үржүүлгийн газар, хувь хүмүүст буй нөөцийг оруулбал манай улс тарьц, суулгацын хэрэгцээгээ өлхөн хангаж дөнгөнө. Харин тэрбум мод тарих том зорилтод хүрэхийн тулд үржүүлгийн газрыг олшруулах зайлшгүй шаардлагатай гэсэн саналыг мэргэжлийн судлаачид хэлж байна. ШУТИС-ийн Ой, модны сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Банзрагч “Мод тарих хэмжээ, далайц тарьц, суулгацын нөөцөөс ихээхэн хамаарна. Тиймэээс сум бүрт үржүүлгийн газар байгуулах шаардлагатай. Энэ чиглэлийн газруудыг тогтвортой ажиллуулж, зах зээлийг нь хамгаалахын тулд тарьц, суулгацын импортыг хязгаарлаж, хил гаалийн хяналтыг сайжруулах хэрэгтэй” гэсэн санал хэлэв.
Нэгэнт энэ салбарт хяналтын тогтолцоо муу, зохион байгуулалт сул учраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үнэ цэнийг унагах, зорилгыг нь гуйвуулж, буруугаар ашиглах явдал гаарах вий гэж болгоомжлох хүн олон байна. Энэхүү бужигнаан хууль бусаар мод бэлтгэгчдийг өөгшүүлэх вий гэж хаширлах судлаачид ч бий аж. Ийм зөрчил хэдийн гарчээ. Ойн салбарт олон жил зүтгэсэн нэгэн эрхэм Сэлбэ голын эхэнд, ойн гүнд хэсэг залуустай таарчээ. Тэд тухайн газарт асар татаж, тухалсан байж. Мод тарихаар ирсэн хэмээн гол зорилгоо танилцуулжээ. Ямар байгууллагынх болох, хаанаас зөвшөөрөл авсан зэрэг мэдээлэл өгөхөөс татгалзсан гэнэ. Гайхшаа барсан судлаач “Мод тарих шаардлагатай, нүцгэн газар хаа сайгүй байхад яагаад тэндхийг сонгов. Үнэхээр ойлгомжгүй. Тэрбум мод тарих сургаар ийм ажил хийгээд байх шиг” хэмээв. Холбогдох байгууллагууд болон тухайн бүсийг хариуцсан байгаль хамгаалагчаас энэ талаар тодруулахад мөн л мэдээлэлгүй байжээ. Энэ бол ойн салбарын хяналт ямар түвшинд байгааг илтгэх нэг жишээ юм. Тэрбум мод тарья, цөлжилтийн эсрэг тэмцлийг үр дүнд хүргэе гэвэл ойн салбарын хяналтыг сайжруулах замаар байгаа нөөцөө хамгаалах, шинээр нэмж тарих мод (тарьц, суулгац)-ны чанарт анхаарахаас аргагүй нөхцөл үүсжээ.