Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд богино хэмжээний кино бүтээх нэг сарын хугацаатай уралдаан зарлажээ. Бүтээлийн сэдэв нь “Уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилт” бөгөөд үүнээс үүдэлтэй хор уршгийг олон нийтэд ойлгуулах, Монгол орны экосистемийн өнөөгийн байдлыг таниулах зорилготой аж. Уралдааны шагналын сан 30 сая төгрөг бөгөөд зургаан төрөлд шилдгийг шалгаруулах юм байна. Тодруулбал, шилдгийн шилдэг бүтээлд 10 сая төгрөг олгох бол шилдэг анимэйшн болон баримтат кино бүтээгчдийг тус бүр таван саяар урамшуулах нь. Мөн шүүгчдийн нэрэмжит бүтээлд тав, шилдэг зохиол болон зураг авалттай кинонд 2.5 сая төгрөг төсөвлөжээ. Оролцогчдын бүтээлийг өнөөдрөөс хүлээн авах аж.