Дэлхийн тойрог замаас буцаж ирснийх нь дараа сансрын нисэгчдийн цусны шинжилгээнээс тархины гэмтлийн шинж тэмдэг илэрч байгааг Герман, Орос, Шведийн эрдэмтэд тогтоожээ. Мөн цусан дахь уургийн хэмжээ нэлээд ихэссэн байдаг аж. “JAMA neurology” сэтгүүлд энэ судалгааны талаар нийтэлснээс үзвэл дэлхийд буцаж ирсэн сансрын нисэгчдийг эмч нарын хатуу хяналтад байлгадаг. Учир нь сансарт, тодруулбал жингүйдлийн орчинд алсын хараа муудах зэргээр бие махбодод өөрчлөлтүүд гардаг. Үүнийг эрдэмтэд татах хүчгүй орчин болон хөлөг хөөрөх, буух үеийн хэт ачааллаас болж нугасны үйл ажиллагаа алдагддагтай холбон тайлбарладаг байна. Ялангуяа удаан хугацаанд дэлхийн тойрог замд ажилласны дараа тархин дахь өөрчлөлтүүд сэргэхдээ долоогоос олон сар болдгийг судалгааны багийнхан тогтоосон аж. ХБНГУ-ын Мюнхен хот дахь Людвиг-Максимилианы их сургуулийн доктор А.Чукерээр ахлуулсан олон улсын судлаачид сансрын нисэгчдийн тархины угийн өөрчлөлтүүдийг тогтоохоор ажилласан бөгөөд дунджаар 169 хоног сансарт байсан, Оросын таван нисэгчийг судалгаандаа хамруулсан байна.
Энэ мэдээлэлтэй холбогдуулан хүний бие махбодын гайхамшигт зохицуулалтуудын талаар товчхон хүргэе.
•Хүн халуун, эсвэл хурц зүйлд хүрэхэд тэр даруй өвдөлт мэдэрдэг шүү дээ. Учир нь мэдрэлийн ширхгүүд буюу импульсүүд биеэр 402 км/цагийн хурдтай “жирэлздэг”. Тархи, мэдрэлийн систем маш нарийн бөгөөд аливаа аюулыг биеийн эд, эрхтнүүдэд ердөө миллисекунд (секундийн мянганы нэг)-ийн дотор мэдээлдэг.
Тархи хүчилтөрөгчгүйгээр ажиллах боломжгүй, учир нь мэдрэлийн эсүүд устаж эхэлдэг. Гэхдээ тархи биеэсээ салсны дараа хэсэг хугацаанд ухамсартай хэвээр байдаг нь гарцаагүй баримт.
•Тархинд байх жигд бус бүтэцтэй прион уургийн нөлөөгөөр бусад уургийн бүтэц өөрчлөгдөж болно. Энэ тохиолдолд хүн галзуурч, үхдэг.
•Хүний хүйс бол маш олон үүрэгтэй бүхэл бүтэн экосистем аж. Бие махбод дотор амьдардаг хэдэн сая нян, бактерийн багагүй хэсэг нь хүйсэнд байх бөгөөд ширэнгэн ойн хэмжээтэй экосистемийг бүрдүүлдэг гэж эрдэмтэд тэмдэглэжээ. Зарим эх сурвалжид дурдсанаар хүйсэнд сая орчим бичил биет бий аж.
•Үхсэн хүн дуугарч, ёолсон талаар мэдээлэл олон байдаг. Шинжлэх ухаан өндөр хөгжөөгүй үед үүнийг муу ёр, босоо ороолон зэргээр тайлбарладаг байсан бол өнөө цагийн анагаах ухаан хэвийн үзэгдэл гэж тайлбарладаг. Талийгаачийн цогцост агаар, хий үлдсэн тохиолдолд тэр нь хоолой, хамраар дамжин гарахдаа тухайн хэсгийн шөрмөсийг чичирхийлүүлснээс үүдэн ёолохтой төстэй дуу чимээ гардаг байна.
•Бидний ясны хатуу, бөх бат чанар нь боржин чулууныхтай адил. Ердөө чүдэнзний хайрцагны хэмжээтэй ясны даац найман тонн гэхээр гайхамшигтай.
•Уушгины хялгасан судасны урт 1609 км. Энэ эрхтний 300 сая хялгасан судсыг хэмжихэд ийм урт юм байна.
•Хүний ДНХ маш өвөрмөц, нарийн зохион бүтэцтэй тул өчүүхэн төдий л өөрчлөгдөх юм бол бид огт өөр төрөл зүйл болох гэнэ. Жишээ нь, хүн шимпанзегаас ганцхан хромосомоор ялгаатай.
•Сэтгэл хөдлөлийг нулимсаар тодорхойлж болно. Уйлах шалтгаанаас хамааран нулимсны бүтэц өөрчлөгддөг байна. Өөрөөр хэлбэл, уй гашуу, аз жаргал, гэмшлээс болж уйлахад нулимсны молекулын бүтэц талст болон, эмх цэгцгүй болж эрс өөрчлөгддөг.
•Бидний бие дэх бараг бүх шингэн цусанд агуулагддаг. Хөлс, нулимс, сүү, цагаан шингэн ч адил.
•Аливаа бүхэн молекулаас бүрддэг бөгөөд тэдгээр нь атом юм. Насанд хүрсэн хүний биед ойролцоогоор долоон октиллион (27 тэг бүхий тоо) атом бий. Энэ нь нарны аймгийн од, эрхсийн тооноос бараг хоёр дахин их үзүүлэлт гэнэ.
Бэлтгэсэн Ж.Хаан