Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд өчигдөр шүүгдэгч Б.Шийрэвнинбо, Ч.Болдбаатар нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Б.Шийрэвнинбо нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, байлдааны галт зэвсэг цуглуулсан, олон нийтийн тайван байдлыг алдагдуулсан, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэрэг хэрэгт холбогдсон юм байна. Харин Ч.Болдбаатар нь Б.Шийрэвнинботой бүлэглэн олон нийтийн тайван байдлыг алдагдуулж, зэвсэг, цахилгаан бороохой хэрэглэн бусдыг заналхийсэн гэнэ.
Тодорхой хэлбэл, Б.Шийрэвнинбо нь 2019 оны тавдугаар сард ОХУ-аас Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр дамжин Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн байна. Улмаар нийслэлд ирж, байлдааны зориулалттай галт зэвсэг олж авч, бусдад дамжуулсан хэмээн эх сурвалж мэдээлж буй. Мөн Ч.Болдбаатартай бүлэглэн 2020 оны тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүрийн гаднах нийтийн эзэмшлийн автомашины зогсоол дээр бусад руу тусгайлан бэлтгэсэн байлдааны буу шагайж, цахилгаан бороохой хэрэглэн балмад авирлажээ.
Түүгээр барахгүй Б.Шийрэвнинбо нь “Скай” их дэлгүүрийн гадна гаргасан балмад үйлдлээ нуухын тулд гэрч Х.Самданцоодолыг сүрдүүлж, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэнэ хэмээн сүрдүүлж, хилс хэрэг үүрүүлэхээр ятгасан гэдэг.
Ийм нэг ноцтой хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар шүүхээс гэм буруугийн хурлыг хийх нь зүйтэй гэж үзэв.