Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрыг нээсэн байна. Манай улсаас Италийн Ломбарди мужид суух өргөмжит консул Паоло Бонетти тус хотод өргөмжит консулаар ажиллах аж. Италид суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж нээлтийн үеэр “Италийн эдийн засаг, худалдааны төв, аж үйлдвэр өндөр хөгжсөн Милан хотод өргөмжит консул томилогдож буй нь энд сурч, амьдардаг манай иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, консулын төдийгүй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гээд П.Бонеттид ажлын амжилт хүсжээ.
Гадаадад зорчих, оршин суух хугацаанд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, боломжит бүхий л арга хэмжээг авч, төрийн үйлчилгээг хүргэх үүрэгтэй хүнийг консул гэдэг. Харин өргөмжит консул нь зөвхөн өөрийн орны иргэн бус, тухайн улсын иргэн байж болдог. Түүнчлэн тэд төлөөлж буй орноос цалинждаггүй, сайн дураар, хоёр талын гэрээний үндсэн дээр эл албыг хашдаг юм. Ихэнх тохиолдолд суугаа орны ажил хэрэгч хүмүүс энэ үүргийг хүлээж иржээ. Өргөмжит консулыг Гадаад харилцааны яамнаас томилдог бөгөөд талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэн ажилладаг. Мөн тэд монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад зөвлөгөө өгөх, зохих туслалцаа үзүүлдэг ч иргэний бүртгэл, нотариатын үйлчилгээг хариуцдаггүй. Одоогоор Монгол Улсын өргөмжит консулаар 64 хүн 44 оронд ажиллаж байгаа юм байна. Харин манайд гадаадын 36 орны өргөмжит консул бий аж.
Бэлтгэсэн Б.Уран