Монгол Улсын нэг иргэн дунджаар 5-12 төрлийн бичиг баримттай байдаг аж. Мэдээж төрөөс олгосон бичиг баримтын тоо нь ийм. Гэтэл иргэн эргээд төрөөс үйлчилгээ авахдаа тэдгээр бичиг баримтаа бүгдийг нь цаасан хэлбэрээр үзүүлэх шаардлагатай болдог. Заримыг нь хуулбарлан, төрдөө эргүүлэн өгдөг. Жишээ нь, та иргэний үнэмлэхнийхээ ард тэмдэглэгээтэй, оршин суугаа хаягаа солиулах бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувь болон хуулбарынх нь хамт бүртгэлийн ажилтанд үзүүлэх шаардлагатай.
Хэрэв байр тань саяхан ашиглалтад орсон бол иргэн, банк, барилгын компани гурвын хооронд байгуулсан гэрээг авчирна. Харин өмнө бүртгэлтэй байсан айлын хаягт шилжин ирэх бол тухайн өрхийн тэргүүн өөрийн биеэр хандан, хаяг олгохыг зөвшөөрсөн хүсэлт гаргах зэргээр зарим улс орны иргэдийн хувьд боломжгүй гэмээр олон бичиг цаас нэхнэ. Үүнээс гадна шилжүүлгийн үнэ, тэмдэгтийн хураамж гэсэн хоёр өөр төрлийн төлбөрийг банканд төлж, баримтыг нь эх хувиар өгнө. Уг хоёр хураамжийг өөр өөр банканд төлүүлнэ гэж хүнд сурталдаж ч мэднэ, төрийн албаныхан. Дээр нь мэдээж иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ эх хувь, хуулбартай нь авчрах “хуультай”. Эрэгтэйчүүд бол цэргийн үүрэгтний үнэмлэхээ ч авчрах ёстой. Ингэхээр нэг өдөрт амжуулахад бэрх даваа, бөөн ажил болно. Ер нь өөрт байгаа бүх бичиг баримттайгаа очвол буцан явж, дахин дахин ийш тийш очиж, ажил удахаас сэргийлэх боломжтой.
“Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байна” гэж сүүлийн үед бараг амтай болгон ярих ч яг үйлчилгээ авах болохоор чирэгдэл, хүндрэл гарч, төрийн байгууллагынхан янз бүрийн “цаас” нэхдэг нь хэвээрээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаныхан сар орчмын өмнө “Цахим үндэстэн” хэмээх шоу зохион байгуулсан. Цахим хэмээх тодотголтой уг арга хэмжээг цахимаар зохион байгуулсан бол олон аж ахуйн нэгжийн хөрөнгийг хэмнэхийн зэрэгцээ зохион байгуулагчид иргэдээс сайн “дүн” авах боломжтой байсан. Гэтэл “Цахим үндэстэн”-ээ ч цахимаар зохион байгуулж чадаагүй. Харин коронавирусийн дельта хэлбэр өргөн хүрээнд тархсан үед олон хүн цуглуулж, бөөгнөрүүлсэн нь цар тахлыг “өрдөх” нэг алхам болсон. Харамсалтай нь, ийм арга хэмжээ зохион байгууллаа гээд монголчууд цахим үндэстэн болоогүй. Нэр нь бодит байдлаас хэтийдсэн ийм арга хэмжээ зохион байгууллаа ч цахим үндэстэн болох боломжгүй. Үүний оронд шоунд зориулсан өч төчнөөн мөнгийг үйлчилгээгээ сайжруулж, жинхэнээсээ цахим үндэстэн бо лоход зарцуулаад, зорилтдоо жаахан ч болов дөхөх байсан юм. Мэдээж өдгөө бодит байдал дарга нарын тайзан дээрээс ярьсан шиг гоё биш, бахь байдгаараа л чирэгдүүлсээр.
“Цахим үндэстэн” хэмээх сүржин нэртэй арга хэмжээ дууссанаас хойш долоо хүрэхгүй хоногийн дараа жолооч нар автомашиныхаа торгуулийг төлөхөөр урт дараалал үүсгэв. УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан. Үүний дагуу жолооч нар торгуулийнхаа 50 хувийг цахимаар төлөх боломжтой гэж албаныхан мэдээлж байсан. Гэтэл торгууль төлөх хугацаа дуусах дөхөж, олон иргэн хандаад эхлэнгүүт төрийн үйлчилгээний цахим системүүдийн тар нь танигдсан. Ялангуяа дээр дурдсан хугацаа дуусахаас хоёр хоногийн өмнө торгуулийн мэдээлэл харах боломжтой torguuli.police.gov.mn, торгуулиа төлж болох smartcar.mn вэб сайт ачааллаа дийлэлгүй доголдсоноос гадна зарим банкны системд саатал гарсан юм. Мөн иргэд торгуулиа төлөх боломжтой “Гэрэгэ” киоск машин ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Цахим шилжилт хийх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлсэн, нүүр тахлах ганц ажил нь “E-Mongolia” систем. Гэтэл жолооч нар торгууль төлөх үеэр уг систем ч гацсан юм. Бодит байдал ердөө л ийм.
…Үүнээс гадна шилжүүлгийн үнэ, тэмдэгтийн хураамж гэсэн хоёр өөр төрлийн төлбөрийг банканд төлж, баримтыг нь эх хувиар өгнө. Уг хоёр хураамжийг өөр өөр банканд төлүүлнэ гэж хүнд сурталдаж ч мэднэ, төрийн албаныхан. Дээр нь мэдээж иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ эх хувь, хуулбартай нь авчрах “хуультай”. Эрэгтэйчүүд бол цэргийн үүрэгтний үнэмлэхээ ч авчрах ёстой. Ингэхээр нэг өдөрт амжуулахад бэрх даваа, бөөн ажил болно. Ер нь өөрт байгаа бүх бичиг баримттайгаа очвол буцан явж, дахин дахин ийш тийш очиж, ажил удахаас сэргийлэх боломжтой…
“Ковид-19”-өөр өвчилсөн иргэд эдгэрсэн гэсэн бичиг авах гэж өрхийн эмнэлэгт урт дараалалд зогсдог жишиг тогтлоо. Бас өвчилсөн хугацааныхаа тэтгэмжийг олж авахын тулд эмнэлгийн хуудас (лист) бичүүлэх гэж дугаарладаг. Ядаж байхад өнгөрсөн сарын сүүлчээр эмнэлгийн хуудас бичдэг цаас нь дуусаж, “тасарсан”. Ингээд ихэнх эмнэлэг эл баримтыг өгөх боломжгүй гээд иргэдийг чирэгдүүлж байв. Тэрхүү алга дарам цаасыг яагаад цахимаар олгож чадахгүй байна вэ. Үүнээс гадна хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх, “Ковид-19”-ийн багцаа авах гэсэн иргэд ч өрхийн эмнэлэгт дугаарладаг. Үндсэндээ өвдсөн, өвдөөгүй өчнөөн хүн зай барих байтугай завсаргүй шахцалдаж, эрүүл нь халдвар авч, халдвар аваад эдгэрсэн нь дахин өвдөхөөр хэмжээний эрсдэл өрхийн эмнэлгүүдэд өдөр бүр үүсдэг. Дарга нар “Цахим үндэстэн болно” хэмээн цээжээ дэлдэж, пиар хийж байхад иргэд энэ мэтээр л эрсдэл дундуур туучин амьдарч байгаа. Ингэхээс ч өөр аргагүй байдлыг төр, засаг өөрсдөө бий болгосон. Цахим үйлчилгээ гэдгээ ийм л нөхцөлд хэрэгжүүлбэл уг нь болохоор, тэгэх ч ёстой. Гэтэл үүний төлөө гараа хөдөлгөдөг хүн алга.
Иргэдийг чирэгдүүлдэг ийм жишээ өчнөөн байна. Тухайлбал, гадаадад зорчих иргэд очих улсынхаа шаардлагын дагуу нисэхээс 24-48 цагийн дотор заавал PCR шинжилгээнд хамрагдаж байгаа. Уг шинжилгээг өдгөө ХӨСҮТ-д авч байгаа юм. Иргэд шинжилгээ өгөхдөө заавал гадаад паспортынхоо хуулбарыг авчрах ёстой аж. Түүнчлэн төлбөр болох 50 000 төгрөгийг тус төвийн кассанд төлчихөөд, шинжилгээ авах эмч, ажилтанд баримтаа заавал үзүүлдэг гэнэ. Бас нэг жишээ дурдъя. Цар тахлаас сэргийлэх хөл хорионы үед байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын тайлангаа цахимаар илгээжээ. Гэтэл хөл хорио дуусав уу, үгүй юү өнөөх тайландаа нийгмийн даатгалын ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга даруулж, баталгаажуулах шаардлагатай болов. Үүнээс болж иргэд бас л Нийгмийн даатгалын хэлтсүүдэд дугаарласаар байна.
Мөн цар тахлын үед тусламж, үйлчилгээ авах гэсэн иргэд эмнэлэг рүү өчнөөн удаа утасдаад ч хариу өгдөг хүн байдаггүйг хэлж бухимдах болов. Уг нь коронавирусээс сэргийлэхийн тулд эмнэлгүүд иргэдэд цахимаар цаг олгож, дараалалгүй үйлчилж байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ тусламж, үйлчилгээ авахад төвөгтэй байна. Жишээ нь, Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн огт утсаа авдаггүй, цахим хуудсанд нь хэрэгтэй гэхээр мэдээлэл байдаггүй. Улсын эмнэлгүүдэд уг нь цахим үйлчилгээ гэж байдаг. Гэсэн ч тэрхүү үйлчилгээнд нэр нь үнэхээр тохироогүй бөгөөд иргэд цар тахал дэгдэхээс өмнө эмнэлэг дээр заавал өөрийн биеэр очиж, тэрхүү цахим үйлчилгээнээс нь дугаар аваад, дараалалд зогсож байж л эмчид үзүүлдэг байлаа. Харин цар тахал дэгдсэнээс хойш эмнэлгүүд “Олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй. Цахимаар цаг олгоно” гээд иргэдийг хүлээн авахаа болиод, хаалга үүдээ түгжих шахам л болсон. Гэхдээ цахимаар үйлчилсэн нь үгүй, арга ядахад утсаа ч авдаггүй тул иргэд танил талдаа хандахаас өөр замгүй болдог аж.
Монгол Улсын хамгийн том сургуулиудын нэг МУИС ч цахим үйлчилгээтэй холбоотой томоохон асуудалтай. Тус сургуулиудын оюутнуудын бүртгэлийн “Sisi” систем гэж тэвчээр шалгагч сайтуудын нэг. Хичээлийн шинэ жил эхэлж, оюутнууд жаахан ачаалал үүсгэхэд л уг систем гацаж, олны уур унтууцлыг төрүүлдэг. 2012 онд ашиглалтад оруулсан эл систем одоо хүртэл оюутнуудын тэвчээрийг шалгаж, хонон өнжин хүлээлгэсээр байгаа. Бас нэг жишээ дурдахад, уг нь автобусны тасалбарыг арай гэж карт болж, зорчигчид кондуктортой маргалдах зовлонгоос салсан. Гэтэл өдгөө автобусны карт цэнэглэгч барьсан “кондукторууд” буудлууд дээр зогсдог боллоо. Тэд иргэдээс бэлэн мөнгө аваад картыг нь цэнэглэж өгдөг. Урагшлаад байна уу, ухарсан ч юм уу, бүү мэд. Энэ мэтээр дурдаад байвал цахим бус, “цаасан” үндэстний үнэн төрхийг хангалттай харж болно.
Бэлтгэсэн М.Оч