Ирэх оны улсын төсвийн төсөлд өнгөц харахад халамжид ногдох хөрөнгийг ихээхэн хэмжээгээр бууруулан тусгажээ. Жишээ нь, халамжийн тэтгэврийг 75, асаргааны тэтгэмжийг 1.5 тэрбумаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт, тусламжийг 300 сая төгрөгөөр багасгасан байдлаар уг төсөлд тусгасан байна. Цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан иргэдээ дэмжихээр улсаас нэмж олгосон хөрөнгийг буцаан татахтай холбоотойгоор ийнхүү эрс өөрчилж буй аж. Гэхдээ хамгийн их хөрөнгө “залгидаг” хүүхдийн мөнгө гээчийн тухайд бууруулах, эс бөгөөс нэмэх талаар ч юм уу, ямар нэгэн мэдээлэл алга. Өмнө нь хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгодог байсан. Харин цар тахлаас үүдэлтэй хүндрэлийн үеийн дэмжлэг хэмээн даруй тав дахин нэмж, 100 мянган төгрөг болгосон билээ. Ингэснээр “Хүүхдийн мөнгө”-нд улсаас сар бүр 122 тэрбум төгрөг зарцуулж байна. Улсаас ч гэж дээ, төрийн санхүү хэцүүдсэн тул донор байгууллагын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж буй гэсэн мэдээлэл бий.
“Хүүхдийн мөнгө” бол хэрэгтэй хүндээ, айлдаа том дэмжлэг. Хүүхдэд гэсэн хаягтай ч гэр бүлээрээ хүртдэг. Хоол хүнс, унаа тэргээ залгуулдаг. Зарим нь архи болгон үрэн таран хийдэг. Бас энэ мөнгийг авсан ч, үгүй ч адил өрхүүд байдаг. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр судалгаа хийж байхад ийм гэр бүлүүдийн дунд “Манайх хүүхдийн мөнгө авахгүй байж болно. Хэрэгтэй хүмүүст нь өгсөн нь дээр” гэж хариулсан нэлээд хүн байсан юм. Шударга хэлсэн нь таалагдсан. Харин одоо 20 000 бус, 100 мянга болсон энэ үед тэгж хэлэх үү, үгүй юү гэдэг бол тусдаа асуудал.
Олгох хэмжээ 100 мянга болсон өнөө үед төрийн уг хишигт хүмүүс хэрхэн ханддагийг тандлаа. Бага насны хоёр хүүхэдтэй залуу бүсгүй “Хүүхдийн мөнгө 70 мянга байх, мэдэхгүй ээ. Дансаа холбуулчихсан, хүүхдүүдээ 18 нас хүртэл нь мөнгийг нь хөндөхгүй болохоор санаархдаггүй. Түрүү жилийн есдүгээр сараас хойш бичилт хийлгээгүй” гэж байлаа. Хүүхдүүдэд нь улсаас сар бүр 100 мянган төгрөг өгөөд жил гаруй болж байхад мэдэхгүй яваа түүнтэй адил хүн улс даяар хэд ч байгаа юм билээ. Тэднийг буруутгахгүй. Зөвхөн байдал ийм байна гэж хэлэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл, өрхийн орлого харьцангуй боломжийн айлууд хүүхдийнхээ мөнгөнд гар хүрэхгүй, 18 нас хүрэхэд нь гардуулахаар төлөвлөсөн аж. Ухаалаг аав, ээж гэхээс яах вэ. Энэхүү залуу гэр бүлийн ам бүлийн тоо дөрөв, өрхийн орлого нь сард барагцаагаар гурван сая төгрөг юм. Үүнээс илүү орлоготой өрх олон. Тийм айлуудын хувьд ялангуяа хүүхдийн мөнгө сард 20 мянга байх үед авсан ч, үгүй ч ялгаагүй шахам байсан нь үнэн билээ.
Ирэх оны төсвийн төсөлд халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт, тусламж зэргийг багасгаж тусгасан хэрнээ хүүхдийн хэмээх мөнгийг хэрхэх талаар яагаад багтаасангүй вэ гэдэг асуулт гарч байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас бол уг мөнгийг багасгах нь зөв гээд, тодорхой тоо хэлсэн саналаа яаманд хүргүүлсэн байна билээ. Гагцхүү санал төдий тул чухам хэдээр багасгах нь зохистой гэж үзсэн талаар нийтэд мэдээлэх нь ёс зүйгүй гэж байсан.
Эдийн засгаар ядуу манай орны хувьд хүүхдэд нь хэмээн хаяглаж айл өрхүүдэд олгож буй уг мөнгөний дүнгээс харахад улсын санд юм үлддэг юм уу гэхээр их. Ийнхүү мөнгө олгодгийг иргэдийн амьжиргааг шударгаар дэмжиж буй арга, бас л эдийн засаг шүү дээ хэмээн зөвтгөх нь бий. Тийм ч байх. Гэхдээ улсын төсөвт ачаалал бага өгөхөөр зохицуулах шаардлага байгааг өнгөрсөн хугацааны төрийн санхүүгийн алдагдал харуулав бус уу. Тэгээд ч нийгмийн талын, халамжид дулдуйдсан сөрөг үзэгдэл газар авах төлөвтэй байгааг хаана, хаанаа анзаарч, оройтоогүй дээр засаж залруулах нь зүйтэй гэж үзэж байгаа байлгүй. Ажил эрхэлдэггүй, сурч боловсордоггүй бүлэг, “сүрэг” хүн хүүхэд л төрүүлж байдаг болсон нь нууц биш. Ийм гэр бүл дүүрэг, хороо бүрт олон. 30 хүрээгүй насандаа таван хүүхэд төрүүлсэн бүсгүй “Одоо нэг хүүхдэд зүтгэнэ. Нэгдүгээр одон авна” гэж ярьж байхыг сонсов. Түүнээс эвийг нь олж байгаад яаж амьдардгийг нь асуухад, нөхөр нь ажил хийдэг, хүүхдийн, “Цалинтай ээж”-ийн, амьжиргаа дэмжих мөнгөн тусламж зэрэг олон төрлийн халамж аваад ажрахгүй амьдардаг тухайгаа хэлж байлаа. Тэр бүсгүй цаашид ажил эрхлэх үү. Төрөөс иймэрхүү маягаар “халамжлаад” байх юм бол ингээд л, янз бүрийн сэдвийн асуудлаар зөв, буруу яриад л залуугаараа “хөгшрөөд” суух юм биш үү. Төрөөс иргэдээ ийм байлгахыг хүсээгүй л юм бол элдэв халамжийг танаж, ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөрлөж, сэтгэл хангалуун амьдрах боломж олгох аваас жинхэнэ төр байх бус уу.
“Хүүхдийн мөнгө”-ийг барагцаагаар тал хувь хүртэл хасаж, харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт, тусламжийг 300 сая төгрөгөөр багасгахаа энэ удаа, улмаар хоёр, гурван жилдээ азнахыг санал болгож байна. ХНХЯ ийм иргэдийг аажмаар хөдөлмөр эрхлүүлэхэд чиглүүлнэ гэж байгаа. Аажим гэдэг нь арай ч ийнхүү шуурхайлна гэсэн үг биш болов уу. “Халамжаас хөдөлмөрт” бодлогоо хэрэгжүүлэхдээ алдаа гаргаж, бусдын тусламжгүйгээр амьдарч бараг чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй олон мянган иргэнээ халамжийн мөнгөнөөс нь салгачих вий дээ гэсэн болгоомжлол байна.
Манай улсын 3.4 сая иргэний 2.6 сая нь буюу 76 хувь нь ямар нэгэн байдлаар халамж, тэтгэмж авдаг гэсэн статистик бий. Халамжийн тэтгэвэр авдаг 63 115, асаргааны тэтгэмжтэй 66 236, “Насны хишиг” хүртдэг нь 149 980, амьжиргааг дэмжих мөнгөн тусламжийн эзэн 57 997, цалинтай ээж 221 427, ахмад настнуудад үзүүлэх хөнгөлөлт, тусламж авдаг 307 560, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт, тусламж очдог 61 133, “Эхийн алдар” одонтой 239 602 хүн байдаг бол хүүхдийн мөнгийг 1.2 сая хүүхдэд олгодог аж. Энэ хүрээнд олон жилийн дундаж 750 тэрбум төгрөг лугаа адил, улмаар хэдэн их наядаар тоолох хөрөнгийг цаашид ч халамжид зарцуулсаар, одоогийнх шиг олон хүнийг хөдөлмөрлөх дур хүсэлгүй болтол нь “халамжилсаар” байх юм уу.
Энд жагсаасан халамжийн нэр төрлүүдийг харахад дийлэнх нь улс төрийн зорилгоор бий болгож, амьдралд нэвтрүүлсэн “бүтээгдэхүүн”, “шинэ санаачилга” гэдэгтэй хэнбугай ч санал нийлэх буй за. Жишээ нь “Цалинтай ээж” нь МАН-аас 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө зоож, парламентад үнэмлэхүй олонх болсноор “халамжийн багц”-д нэмсэн “бүтээгдэхүүн” билээ. Хэдий болтол үүн шиг, нэгэн нам бүхэл бүтэн төрийг төсөвтэй нь хамт улс төрийн зорилгоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгосоор байх вэ.
Энэ удаа 2022 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа ч “Хүүхдийн мөнгө”-ийг хөндөлгүйгээр, бусдаас нь бага зэрэг хасаж, танасан дүр эсгэн УИХ-аар батлуулахаар зэхэх нь мөн л төрийг төсөвтэй нь хамт улстөрийн зорилгодоо ашиглаж буй алхам гэлтэй. ХНХЯ-ны зүгээс халамжийг ихээхэн хэмжээгээр бууруулж төсөвт тусгасан тухай мэдээлэхдээ “Халамжаас хөдөлмөрт” бодлогынхоо хүрээнд ийнхүү ажиллалаа гэж буй нь ч ташаа мэт. Учир нь цар тахалтай үед түр хугацаанд нэмсэн хөрөнгийг Сангийн яам хасах, танах нь ойлгомжтой байсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлдэг яам халамжийн чиглэлээр ирэх оны улсын төсөвт тусгасан тоонуудаа эргэж харах биз ээ. Гойд анхаарах цэг бол “Хүүхдийн мөнгө”. Үүнийг хэвээр үлдээх аваас дараагийн “их” сонгуулийн “хөзрийн тамга”-аа болгон үлдээхээр нэгмөсөн шийджээ гэж ойлгохоор байна. Тийм биш л юм бол улсын мөнгөн сангаас үлэмж хэмжээгээр залгиж буй “Хүүхдийн мөнгө”-ийг тана.
Тэгээд ч иргэдийг ялих, шалихгүй үндэслэлээр өнөөдрийнх шиг “халамжилсаар” байх юм бол энэ улс мөдхөн ажиллах хүчингүй болох бус уу. Дээр дурдсан нэг жишээг дахин давтахад эмэгтэйчүүд халамжийн буюу хүүхдийн мөнгө, “Алдарт эх” одонгийн төлөө хүүхэд төрүүлсээр байх аваас тэд мөнхөд төрөөс халамж хүсэн алгаа тосож байх арми болж өргөжих бус уу. Ийм байдлыг хүсэмжлээгүй л юм бол “Хүүхдийн мөнгө”-ийг багасга. Хүмүүст ажиллаж, хөдөлмөрлөх боломж олго.