Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр иргэн Б холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцжээ. Шүүгчдэгч бага насны хүүхэд зодож, биед нь санаатай гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон байна. Хэргийн талаар тодруулахад, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух хаягтай Б нь 2021 оны гуравдугаар сарын 18-нд дөрвөн настай дагавар охиноо хувцсаа бохирдуулсан, хүүхдийн цүнх булаасан хэмээн мөргөж, гарнаас нь татаж хөл дээр нь дэвсэлсэн гэнэ. Улмаар бяцхан охиныг ор луу шидэж зэрлэг авирласан гэдэг. Үүний улмаас охины дух, зүүн өвдөг, тавхай, шагайд цус хурж, гэмтэл авчээ. Биеэ хамгаалах чадваргүй бяцхан охинд гар хүрсэн эл үйлдэлд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.6-2-оор яллах дүгнэлт үйлдсэн аж. Улмаар өчигдөр шүүх хэргийг хянан хэлэлцээд Б-г Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулжээ.
Харин зарим хуульч Б-д Эрүүгийн хуулийн 16.1-2 бус 16.7-1-ээр яллах дүгнэлт үйлдэх ёстой хэмээн үзэж байна. Учир нь хүүхдийн эсрэг хэрэг болон гэр бүлийн хүчирхийллийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй билээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, тэр дундаа хүүхэд хохирсон хэргийг өөр зүйлчлэл дор нуун дарагдуулж, хүүхэд дахин хохирох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээж буй.
11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
16.7 дугаар зүйл.Хүүхэдтэй хэрцгий харьцах
1.Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.