Манай улсын иргэд тэр дундаа, залуус хар тамхи татах, мансуурах нь ихэссэн. Эл буруу үлгэр дуурайлал даамжрах, энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд урлаг соёлын од нэртэй зарим хүн, улстөрчийн хүүхдүүд ихээхэн нөлөөлөл үзүүлж буй. Тэгвэл прокурорын байгууллага энэ оны 3 дугаар улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэчнээн хэрэгт хяналт тавьсан талаараа бичил судалгаа гаргажээ. Он гарсаар 3 дугаар улирлын байдлаар прокурорын байгууллага хар тамхины 230 хэрэгт хяналт тавьсан ба үүнээс 108 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийн 2.2 хувь нь 17 хүртэл, 68.3 хувь нь 18-29, 27 хувь нь 30-44, 2.2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс аж. Харин 89.4 хувь нь эрэгтэй хүмүүс байгаа бол 77.9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.