Хуулийн чиглэлээр суралцахаар итгэл төгс оюутан болсон, их сургуулийн шинэ “цэрэг” хичээлийн жилийн эхний улирал дөнгөж дундаа орж байхад шантрах шинжтэй юм ярьж, “гонгинож” эхлэв. Хичээл номоо ойлгохгүй байгаадаа бухимдсан тэрбээр “Нэгдүгээр дамжааны оюутнуудыг ямар ч нөхцөлд танхимаар хичээллүүлэх хэрэгтэй. Ядаж толгойных нь “эргээг” гаргасны дараа цахим сургалтад хамруулахгүй бол эхнээсээ л юу ч ойлгохгүй болохоор цаашид сурах утгагүй юм байна. Багш нартайгаа нүүр тулан танилцаж, амьд харилцаа үүсгээд, судлах хичээлүүдийнхээ суурь ойлголтуудыг авахгүй болохоор ямар ч баримжаагүй, өмнө нь огт мэдэхгүй олон зүйлтэй тулгараад, учрыг нь олох гэж үзэж тарж “үсэрч наалдахдаа” туллаа. Ийм байдалтай цааш явахгүй нь. Ойлгохгүй зүйлээ багш нараас асуух гэхээр яг хэнд нь хандахаа мэдэхгүй, мэдээд асуусан ч хариулах нь үгүй юм. Оюутнууд багш нартайгаа харилцах, утсаар холбогдох ч боломжгүй нөхцөл байдал үүсдэг юм байна. Үгүй ядахдаа ганц улирал танхимд нүүрээ харалцчихсан бол “танимхайраад”, бас сэргэлэн загнаад гар утасных нь дугаарыг олоод авчихна даа. Гэтэл сургуулийн байшингийн барааг харснаас цаашгүй хэдэн хүүхэд “зурагт, гар утастай зууралдаад” сурч боловсроод явна гэдэгт итгэл үнэмшил төрөхгүй нь. 16, 17 настай бид ингэж эргүүтсэн төлөг шиг болж байгаа юм чинь хөөрхий зургаан настай жаалууд яадаг бол. “Пацаануудыг” автоматаар л анги дэвшүүлэх байх. Цаашдаа яана. Лав оюутан болж дахиж сурна гэсэн хүсэл тэмүүлэл тэдэнд төрөхгүй байх” гэж халаглав. Түүнтэй адил шалт гаанаар бухимдах оюутан захаас аваад байна.
Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалд тохируулан улс орнууд бодлогоо боловсруулан, өөрийн онцлогт тохируулсан хэмнэлээр урагшилж буй. Монгол Улсын хувьд бусдаас бага зэрэг ялгарч нам “түгжиж” хэсэг үзээд, өдгөө задгай тавих хандлагатай болж, үр дагаварт нь “Ковид-19”-ийн тохиолдлоор олон улсад тэргүүлээд буй. Ийм эрсдэлтэй нөхцөлөө ч тооцоолохгүйгээр сургалтуудыг танхимаар явуулаад улам хэцүүдсэн. Үүний үр дагаврыг хамгийн их мэдэрч байгаа нь сурагч, оюутнууд. Тэр дундаа шинэ “цэргүүд”. Сурагч болж цагаан толгойтой танилцаж байгаа нь ч, оюутан болж мэргэжлийн сууриа тавьж байгаа ч ялгаагүй “зурагтаар” баримжаалан ирээдүй рүү түүчээлж байна. Дээр дурдсан оюутнуудад учирсан саад бэрхшээл бол эхлэн суралцагчдын хувьд цахимаар хичээллэхэд тулгарч буй түгээмэл “зовлон”. Ийм асуудал бусад орны оюутан, сурагчдад ч тулгарч байгаа аж. Тэд зайн сургалтын чанар, нөхцөл байдлаас болж олигтой сурч чадахгүй, ойлгохгүй байгаа учраас “толгойдоо цуглуулсан зутангаа” яаж боловсруулах учраа олохгүй байгааг ОХУ-ын Боловсролын хөгжлийн хүрээлэнгийн судалгааны үр дүн харуулжээ. Уг судалгаанд хамрагдсан 3000 орчим оюутны 46 хувь нь танхимаар суралцах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Учир нь “онлайн боловсрол нь хичээлд үр дүнтэй оролцох боломж олгодоггүй” гэжээ. Мөн зайн сургалт оюутнуудыг идэвхгүй, гутранги болгож байгаа гэнэ. Орос мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар урт хугацаанд зайны сургалт явуулах нь 11-15 насныханд хамгийн их хохиролтой. Тэд мэдлэгээ цэгцлэх тал дээр асуудалтай тулгардаг. Улмаар сурах хандлагад нь төөрөгдөл үүсэх эрсдэлтэй гэж байна. Түүнчлэн энэ нь зөвхөн сургалтын чанар, хувь хүний сурах чадвартай холбоотой асуудал биш, зайнаас боловсрол эзэмшүүлэх нь алсдаа хөдөлмөрийн зах зээлд чанаргүй бүтээгдэхүүн гарах нэг нөлөөлөл гэж орос мэргэжилтнүүд онцолжээ.
Нөгөөтээгүүр, цахим хичээлийн, зайн сургалтын чанарт учир дутагдал байгаа нь “шинэ” хүүхдүүд хүндрэлтэй тулгарах шалтгаан болж байна. Хуулийн, эдийн засгийн зэрэг нарийн төвөгтэй номын дуу сонсдог оюутнуудыг эхний дамжаанд нь аль болох танхимаар хичээллүүлэх, орчинтой нь, багш, ангийнхантай нь танилцуулах тал дээр ч анхаарах хэрэгтэйг оюутнуудын ярианаас ойлгож болно. Тэгвэл сурагч, оюутан болсон “анхлан” суралцагчид л хүндрэл бэрхшээлтэй тулгарч, ойлгохгүйн зовлонтой учраагүй. Анги дэвшин суралцагчид, эцэг, эхчүүд, ялангуяа ахлах ангийнхан цахим хичээлийн чанар, хүртээмж хангалтгүй байгааг хэлж байна. Жишээ нь, өнгөрсөн хавар сургуулиа төгссөн сурагч, оюутнууд цахим сургалтын сул талыг хэрхэн мэдэрснээ ийнхүү ярилаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн алслагдсан нэгэн сургуулийн 12 дугаар ангийг төгссөн Т.Т “Сургууль төгсөх чухал цаг үед цахим хичээл үнэхээр хүндрэлтэй байсан. Манайх интернэтгүй учраас эхэн үедээ хамаатныдаа хонон өнжин хичээлээ хийж байсан ч гэрт дүү нарыг харах хүнгүй, бас нөгөөх айлын хүүхдүүдтэй таарахгүй зэрэг шалтгаанаас болоод хаячихсан. Үнэндээ бол ерөнхий боловсролын сургууль төгссөн нэртэй ч сүүлийн нэг жил гаруй хичээл хийлгүй гэртээ байсан болохоор элсэлтийн ерөнхий шалгалтад ч бэлдээгүй. Тэгээд л зун ажил хийж эхэлсэн. Хааяа барилгын цэвэрлэгээний ажил олддог. Уг нь би цэргийн сургуульд орох хүсэлтэй байсан юм. Манайх тийм ч боломжтой айл биш, дээрээс нь цар тахлаас болоод цахимаар хичээллэхэд хэцүү байсан учраас сурах дургүй болчихсон. Одоо харин барилгын чиглэлийн ямар ч хамаагүй мэргэжил эзэмших бодолтой байгаа. Ядаж ажил олддог юм билээ” гэсэн юм.
Барилгын инженерээр сурч, өнгөрсөн хавар төгсөөд өдгөө мэргэжлийнхээ дагуу ажиллаж буй Б “Хөдөө улсын төсвийн хөрөнгөөр барьж буй барилга дээр ажиллаж байна. Огт мэдэхгүй зүйл их тулгарч байгаа. Онол, практикийн зөрүү байдаг нь мэдээж. Гэхдээ бид сүүлийн хоёр жил ихэвчлэн цахимаар хичээллэсэн нь одоо ингээд мэдэн будилж байгаатай минь багагүй холбоотой гэж боддог. “Гар утсаар” заалгасан лекцийг тэмдэглэх нь бүү хэл, ойлгох нь ч үнэндээ ховор байсан шүү дээ. Үүнд хувь хүний буруу их л дээ. Өөрийгөө дайчлах тал дээр ер нь оюутнуудын олонх нь адилхан тааруу байдаг. Магадгүй манай боловсролын системийн дутагдалтай талын нэг нь бие даалгахгүй “нүддэгтэй” холбоотой байх. Харин цар тахлын улмаас зайны сургалттай нүүр тулж, оюутнуудын бие даах чадварыг дээшлүүлэх шаардлагатайг харууллаа” гэж ярив. Дээрх хоёр жишээ бол цахим сургалтын чанар, боловсролын байгууллагуудын уялдаа холбоо, багш нарын хариуцлага, шаардлага тавих чанар, сурагч, оюутнуудтайгаа эргэх холбоогүй байдал гээд энэ хүрээнд анхаарах олон асуудал байгааг илтгэнэ.
Бодит байдлыг биеэрээ мэдэрч байгаа хүмүүс нь ийм зүйл ярьж байхад харин яам, тамгын газрынхан тэс өөр буюу тэмээ гэхээр ямаа гэсэнтэй утга нэгийг өгүүлж байх юм. Тэдний үзэж буйгаар теле хичээлийн өгөөж 80 гаруй хувьтай буюу нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй, чанартай байгаа гэнэ. Үүнийгээ судалгаагаар тогтоосон гэж баттай хэлж байна. Гэтэл оюутнууд “Цахим хичээлд 82 хувийн сэтгэл ханамжтай байгааг хэн, хэрхэн тодруулсныг мэдэхгүй. Аль сургуулийнхныг хамруулсан нь ч тодорхойгүй. Бодит байдалд цахим хичээл нь чанар, хүртээмжийн хувьд ямар ч ахицгүй байна. Өнгөрсөн жилийн хувьд анхны тохиолдол гээд ойлгож болно. Гэтэл энэ жил өөрчлөлт ер алга. Илүү сул болсон ч байж мэднэ. Зарим багш оюутнаасаа дутахгүй хичээл хийдүүлэх нь бий” хэмээжээ.
Цахим хичээлээ ойлгохгүй байгаа өөр нэг шалтгаан нь хоцрогдолтой холбоотой. Сүүлийн хоёр жилийн хувьд хэдэнтээ тавьсан хөл хорио зэргээс үүдэн бүх шатны сургуулийн үйл ажиллагаа багагүй хугацаагаар завсарлаж, “амарсан” нь сургалтын хоцрогдлын гол шалтгаан. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарын төлөөлөл “Цахимаар суралцаж буй хүүхдүүдэд олон сөрөг тал ажиглагдаж байна. Бусадтай нийлэмж муутай, дотогшоо хандлагатайгаас гадна хичээл хийх нэрийдлээр цахим орчинд донтох магадлал өндөр. Энэ жилийн хувьд өнгөрсөн оныхоос давуу тал нь цахим болон танхимын хичээлийг сөөлжүүлж байгаа. Тиймээс хүүхдүүдийнхээ ерөнхий байдлыг ажиглах боломж бага боловч гарч байна. Дан зайны сургалт явуулах тохиолдолд сурагчдын сурах байдлыг тодорхойлох боломжгүй. Тиймээс ангиас хэн нь хоцрогдолтойг тогтооход хүндрэлтэй байсан. Одоо цахим хичээлийн хэлбэр, агуулгад шинэчлэл хийхгүй энэ маягаар үргэлжлүүлнэ гэвэл хоцрогдлыг арилгах боломжгүй болно. Хэдийгээр Засгийн газраас хоцрогдол арилгах төлөвлөгөө боловсруулсан ч хэрэгжүүлэхийн тулд тогтолцоогоор нь шинэчлэх хэрэг гарна. Хөрсөн дээрээ буутлаа хугацаа нэлээд шаардахаар харагдаж байгаа” гэж цахим хичээлийн зэрэгцээ боловсролын тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлагатай, үүнээс сургалтын чанар хамаарахыг хэлж байна. Ер нь зайн сургалтыг ирээдүйн боловсролын зайлшгүй нэг хэсэг гэж үзэж буй. Энэ утгаараа зайлшгүй хэвшүүлэх нь гарцаагүй. Гэхдээ хамгийн чухал нь чанар, агуулгад нь анхаарахгүй бол оюутнууд “чирэгдэх” асуудал тасрахгүй. Өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс харахад танхимын болон цахим сургалтын чанарт ялгаа байдаггүй нь олон талт судалгаагаар тогтоогджээ. Зарим талаар онлайн сургалтыг илүү давуутай гэж үздэг байна. Энэ нь сургалтын чанартай, оюутнуудтай тулж ажиллаж, жигд оролцоог хангаж чаддагтай нь холбоотой аж.