Шведэд олон жил ажиллаж, амьдарсан Э.Даваахүү өнгөрсөн онд эх орондоо иржээ. Залуу насаа хүний нутагт, элгэн садан, найз нөхдөөсөө хол өнгөрөөсөндөө харамсаж явдаг эр Монголдоо бүрмөсөн төвхнөхөөр сэтгэл шулуудсан нь тэр байж. Хэдий нийгэм, цаг үеийн байдал хөтүү, хөл хорио, хязгаарлалт гээд иргэдийн ахуй амьдрал сайнгүй байсан ч түүнд энэ бүхэн зовлон гэж санагдсангүй. “Цаг сайхан болохоор, хэсэг амарч байгаад шинэ бизнес эхлүүлнэ. Нийгэмд хэрэгтэй, үр хүүхдэдээ үлдэцтэй зүйл хийнэ” гэж ойр дотнынхондоо ярьдаг байсан аж. Гэвч тэрбээр хэдхэн сарын өмнө энэ хүсэл мөрөөдөлтэйгөө нартаас буцжээ. Коронавирус түүний амийг авчээ. Шинж тэмдэг, зовуурь илэрч эхэлснээс хойш гурав дахь өдрөөс биеийнх нь байдал эрс муудсан гэнэ. Хорооных нь эмч үзээд “Сул ор гарсан даруйд таныг хэвтүүлье. Эмээ цагтаа уугаад, сайн ажиглаж байгаарай” хэмээн захиснаас хоёр хоногийн дараа тэрбээр өөд болжээ. Дүү нар нь ахыгаа эмнэлэг бараадуулах гэж тал тал тийшээ утасдаж, гүйгээд нэмэр болоогүй гэнэ. Тэд “Мөнгөтэй байгаад нэмэр алга. Танил талтай хүн л эмнэлэгт хэвтдэг гэдэг. Үгүй юм байна. Хэн олон танилтайд нь ор олддог болж” гэж ярьсан юм.
Энэ бол ойрын садангийн минь нэгэн гэр бүлд тохиолдсон явдал. Хүн аливаа асуудал, зовлонтой нүүр тулж, биеэр туулахаас нааш бүрэн ойлгож, мэдэрдэггүй гэдэг. Эрүүл мэндийн салбарынхан “Эмнэлгийн ачаалал тэнгэрт туллаа. Ор хүрэлцэхгүй, нөхцөл байдал хүндхэн байна” хэмээн өдийг хүртэл уйлан дуулж, цөхрөлөө илэрхийлсээр ирсний цаад байдлыг энэ айлынхан бодитоор мэдэрчээ. Аюулт вирусийн хор хөнөөлийг тэсвэрлэлгүй, хүндээр өвдөж, амь нь цаг, минутаар хэмжигдэж буй хүмүүс хэвтэн эмчлүүлэх ор олдохгүйн зовлонг ийнхүү биеэр мэдэрч, горыг нь амсаж байхад нөгөө талд нь хөнгөн өвчтөнүүд тэдний өмнүүр “шургасаар” байна.
Дунд сургуулийн нэгэн найз минь “Шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлэгт хэвтчихлээ. Амархан хүндэрдэг гэсэн. Хэд хоног сайхан эмчлүүлээд, амраад авъя. Одоогоор өөрчлөлт алга” гэж утсаар ярилаа. Их сургуулийн нэгэн багш “Эерэг хариугаа аваад, шууд хэвтлээ. Дархлаа сул, ачаалалтай ажилладаг хүн эртхэн арга бодсон нь дээр гэх нөхдийнхөө зөвлөгөөг дагалаа” хэмээн олон нийтийн сүлжээнд гайхуулан бичжээ. Өөр нэг танил залуу “Настай ээжтэйгээ хамт амьдардаг, бага насны хүүхдүүдтэй учраас өөрийгөө эмнэлэгт тусгаарлалаа. Уушги муутай учраас хүндрэх эрсдэлтэй. Одоогоор онцын шинж тэмдэг, зовуурьгүй” гэв. Яг үүнтэй ижил жишээ болохуйц тохиолдол таны эргэн тойронд, ойр дотнын хүмүүсийн дунд цөөнгүй бий гэдэгт итгэлтэй байна. Иргэд сул ор хүлээн гэртээ хэвтэх зуураа, эмнэлэг хайж яваад олон нийтийн нүдэн дээр амьсгал хураасан тохиолдол ч цөөнгүй гарлаа. Энэ бол коронавирусээр өвдсөн хүмүүст үзүүлж буй манай улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт сул, замбараагүйн тод жишээ. Ар гэр, амьдралаа хойш нь тавиад, борви бохисхийлгүй зүтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын буруу үүнд үгүй. Харин тэднийг удирдаж, чиглүүлдэг, бодлого тодорхойлогчдын алдаатай шийдвэр, оновчгүй зохион байгуулалтын үр дүн юм.
Коронавирусийн улмаас биеийнх нь байдал хүндэрсэн өвчтөнүүдийг гэрт нь үлдээлгүй, ор сулартал гэж хүлээлгэлгүй, хэвтүүлэн эмчлэх боломж манай улсад хангалттай байсаар ирэв. Одоо ч бий. Халдварын идэвхтэй үед дэлгэсэн ор, хэвтэн эмчлүүлэгсдийн тоогоор Монгол Улс дэлхийд дээгүүр байр эзэлж байна. Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн сарын сүүлчээр гаргасан “Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг бусад улстай харьцуулсан байдал” судалгаа үүнийг тодорхой харуулж буй юм. Хэвтүүлэн эмчилсэн өвчтөний тоогоор хамгийн бага хувь эзэлсэн бусад орноос 244, өндөр үзүүлэлттэйгээс нь 4.2 дахин олон хүнийг эмнэлэг “бараадуулжээ”, манай улс. Тухайлбал, АНУ нийт өвчлөгсөд буюу коронавирусээр халдварласан 9.8 сая иргэнийхээ ердөө 0.8 хувийг хэвтүүлэн эмчилжээ. Британи 1.3 сая өвчтөнийхөө 0.6 хувийг эмнэлэгт хүлээн авсан аж. Харин манай улс халдвар авсан иргэдийнхээ 24.4 хувийг эмнэлэгт хэвтүүлжээ. Гэтэл өнөө хэр нь өвчтөнүүдэд ор хүрэлцэхгүй, эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй байна. Коронавирусийн шалтгаант нас баралтын хувь харьцангуй өндөр орнуудын тоонд Монгол багтсан хэвээр. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан коронавирустэй иргэдийг хүлээн авдаг 23 эмнэлгийг шалгахад 40 гаруй хувь нь хүчин чадлаасаа давсан олон өвчтөнтэй байжээ. Зарим эмнэлгийн эмчид 30-70, сувилагчид 120-130 өвчтөн ногдож буйг албаныхан онцлон мэдээлсэн байна билээ. Үүнээс илүү анхаарал татахаар зүйл нь нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 35 хувь нь хүнд, маш хүнд өвчтөн гэх үзүүлэлт. Үлдсэн 65 хувь нь ямар онош, зовуурьтай вэ. Бүгд хүнд оноштой байгаад эмнэлэгт хэвтсэн үү, эмчилгээ хийлгэсний үр дүнд бие нь тэнхэрч сайжирсан уу гэдэг эргэлзээтэй. Бусад эмнэлгийн ачаалал, нөхцөл байдал ч үүнээс хол зөрөхгүй болов уу.
“Олон хүн хэвтэн эмчлүүлэх тусмаа сайн биш үү. Эрсдэлээс сэргийлж байна шүү дээ” хэмээн зарим нь зөвтгөхийг үгүйсгэхгүй. Гэвч сул ор цөөрөхийн хэрээр хүнд, нэн хүнд өвчтөнүүдэд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж хязгаарлагдана. Эмч нарын ачаалал ихсэж, эм, тарианы нөөц хомсодно. Улмаар гадаадаас эх орондоо ирээд “хөсөр хаягдсан”-ы улмаас амиа алдсан, аврал эрэн олон эмнэлгийн хаалга татаж явахдаа гудамжинд нас барсан залуу шиг харамсалтай байдалд орох хүний тоо олширно.
Зарим нь “Эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн орнуудтай Монголыг жиших боломжгүй” гэж магадгүй. Гэхдээ манай улс хэзээнээсээ хэвтэн эмчлүүлэгсдийн тоо, үзүүлэлтээр дэлхийд дээгүүр байр эзэлсээр ирсэн. Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан судалгаа, статистик үүнийг тодорхой харуулдаг. Алжаал ядаргаараа тайлах, сувилуулах зорилгоор, биед нь багахан өөрчлөлт ажиглагдах төдийд танил талаараа түрээ барин улс, хувийн эмнэлгийн ор “эзэрхийлдэг” хүн олон. Монголчуудын энэ муухай хандлага цар тахлын үед улам даамжирсныг дээрх статистик болон эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөлөөс тодоор харж болно. Эмч, мэргэжилтнүүд ч энэ тухай хөндсөөр байна. Анагаах ухааны доктор, клиникийн профессор Т.Навчаа “Зөвхөн коронавирусийн үед ч бус, бусад цагт ч ийм байдаг. Хэвтэн эмчлүүлэгсдийг ядаж 30 хувиар бууруулах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Бид цаашид коронавирусийн шалтгаант нас баралтыг бууруулъя, шаардлагатай хүмүүст тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэе гэвэл энэ асуудалд анхаарахаас аргагүй.
Халдвар идэвхэжсэн, эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал их үед зохион байгуулалт, оновчтой менежмент хамгийн чухал. Үүнийг Хятадын Ухань хотын бодит байдлаас сэдэвлэн бүтээсэн баримтат кинонд өгүүлдэг. Ерөөсөө аюулт тахлын голомтыг богино хугацаанд хумьж чадсан өмнөд хөршийнхний гол нууц нь иргэдийн ухамсартай, дэгтэй байдал, эрүүл мэндийн салбарынхны идэвхтэй, оновчтой арга хэмжээ юм билээ. Тэд өвчтөнүүдийг хүндрэлийнх нь зэргээр ангилж, гэрт нь байлгах уу, тусгаарлах байранд хүргэх үү, эмнэлэгт хэвтүүлэх үү гэдгийг тогтоож байв. Хөнгөн өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлэх нь өдрийн од шиг ховор. Харин манайх ийм чанд зохион байгуулалт, дэг баримтлалгүй өдий хүрсэн. Дэлгэсэн ор нь дүүрээд, хүнд, нэн хүнд өвчтөнүүдээ багтаах аргагүй болоход арга буюу эмнэлгийн ор зохицуулах баг байгуулсан. Өнөөх нь дөнгөж энэ сараас үйл ажиллагаагаа эхлүүлж байх жишээтэй. Гэхдээ тэд одоохондоо дорвитой ажил хийж, оновчтой шийдэл хэрэгжүүлээгүй л байна.
“Нийслэлийн хэмжээнд 6001 ор дэлгэсэн ч 6443 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 286 нь нэн хүнд, 1459 нь хүнд өвчтөн” гэсэн мэдээллийг албаныхан гурав хоногийн өмнө өгсөн. Энэ тоон үзүүлэлт коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүлэгчид болон эмнэлгүүдийн талаар олон зүйл “хэлж” буй юм.