Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 тоосгон гараашийг буулган, иргэдийн санал, хүсэлтийн дагуу тохижилтын ажлыг эхлүүлсэн. Тухайн газар нь сургуулийн бүсэд хамаардаг ч явган хүний зам байхгүйн улмаас зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байв. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу тус гараашнуудыг чөлөөлж, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар албаныхан мэдээллээ.
Чөлөөлсөн газар иргэдээс санал авахад нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж, 30 хувьд авто зогсоол байгуулахыг хүссэн бөгөөд тохижилтын ажлыг иргэдийн санал, хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэв. Уг ногоон байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээг цаашид тухайн хороо болон “Шинэ зуун” СӨХ хариуцахаар болсон байна.
84 дүгээр сургуулийн урд талбайн тохижилтын ажлыг хийхэд ашигласан тоосго, гэрэл, мод зэрэг бүх материалыг Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүд хийсэн юм. Ингэснээр 250-300 сая төгрөгөөр хийх ажлыг дүүрэг өөрсдөө бие даан, нэг дахин хямд буюу 120 сая төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэжээ.