Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голден парк” хотхоны орц, гарцын хэсгийн авто замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй тоосгон гарааш, чингэлгүүдийг буулган, авто зогсоол, авто замын ажлыг хийж буй. Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Голден парк” хотхоны ард, нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан 43 гараашийг буулган, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто зогсоол, хоёр эгнээ зам барих ажлыг гүйцэтгэж байна. Тус 25 дугаар хороо 3131 өрхтэй бөгөөд 12 мянга гаруй оршин суугчтай аж. Нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан гараашнаас болж тус орчмын хотхонууд руу түргэн тусламж болон галын машин орох боломжгүй байжээ.