Цагдаагийн байгууллагад "Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутагт ухсан нүхнээс хүний цогцос олдсон, гаргахад тусламж хэрэгтэй байна" гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс аравдугаар сарын 11-ний өдрийн 17.36 цагт хэргийн газар очсон байна. Мөн тус дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус дуудлагаар очиж, 4 метрийн гүнтэй нүхэнд байсан цогцсыг 9 минутын хугацаанд гарган, тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр 4 метр гүн нүхнээс олдсон гэх цогцос нь өнгөрсөн оны долдугаар сард “Тэнгэрийн энерги” төвд бясалгал хийж байгаад сураггүй болсон Хан-Уул дүүргийн харьяат 27 настай О гэх эмэгтэйнх бололтой.
Хэргийн талаар сануулахад өнгөрсөн оны долдугаар сард Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд бясалгал хийж байсан 27 настай О алга болсон. Цагдаа, онцгойгийнхон түүнийг жил тойрон хайсан боловч, өчигдрийг хүртэл сургийг нь гаргаж чадаагүй юм. Улмаар энэ сарын 2-нд эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод байж. Харин ар гэрийнх нь зүгээс дахин хүсэлт гаргаснаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, эр гэрийн хоёр хүн нийт хоёр автомашин, арван морьтойгоор энэ сарын 5-ны өдрөөс эрэн хайх ажиллагаа явуулж байжээ.
ЦЕГ-аас хэргийн талаар тодруулахад "Яг одоо хэргийн газрын үзлэг хийж байна. Үзлэг дуусаж, мөн нарийн шинжилгээний дүн гарсан хойно мэдээлэл өгнө. Тухайн эмэгтэй цогцос мөн эсэх нь шинжилгээний хариу гарч байж бүрэн нотлогдоно" гэх хариултыг өглөө.