Дэлгэцэд донтох эмгэгтэй хүүхэд сүүлийн үед эрс олширчээ. Үүнд цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааны доголдол нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Иймд Эрүүл мэндийн яам, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран цахим донтолтын хор уршгийг ойлгуулах зорилготой аян өрнүүллээ. Уриа нь “Эрүүл хүүхэд-эрүүл чийрэг эр хүн” аж. Дэлгэцийн хамааралтай хүүхдүүдийн 98 хувь нь эрэгтэй бөгөөд зонхилох нь 10-14 насныхан гэнэ. Тэд ихэвчлэн цахим тоглоом, анимэйшн үзэх сонирхолд хөтлөгдөн утас, компьютертой удаан хугацаанд “найзалдаг” байна. Донтох эмгэгтэй хүүхдүүдийн олонх нь шөнө амардаггүй, бөх унтдаггүй учир ядрах, биеийн эсэргүүцэл сулрах, анхаарал төвлөрөхдөө муу зэрэг сөрөг нөлөө илэрч, улмаар өвчлөмтгий болдог. Тиймээс коронавирусийн тархалт ихсэж буй өнөө үед эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, эрүүл мэндэд нь онцгой анхаарахыг захив.
Бэлтгэсэн Ж.Мишээл