Далайн нялцгай биетүүдээс гарган авсан наалдамхай бодис анагаах ухаанд, тэр дундаа шүдний эмчилгээнд онцгой үүрэг гүйцэтгэх боломжтойг Берлиний техникийн их сургуулийнхан мэдээлжээ. Нялцгай биетүүд далайн хүчтэй давлагааг эсэргүүцэж, хад чулуунд наалдан барьцалддаг онцгой чадвартай бөгөөд үүнийг нь ашиглан цавуу бүтээх үйлсэд олон улсын эрдэмтэд ухаанаа уралдуулсаар иржээ. Тэдний нэг болох МакГилл сүүлийн 10 гаруй жилийн судалгааныхаа үр дүнд хүссэн цавуугаа нялцгай биетээс “нэрж” чадсан байна. Түүний ярьснаар далай, тэнгисийн хясаа, нялцгай биетүүдийн “наалдах” чадвар нь тэмтрүүл дэх сувгаас нь ялгардаг зунгааралдсан бодистой холбоотой. Уг бодисыг ялгаруулахын тулд тухайн амьтан нарийн “ажил” хийдэг. Юуны түрүүнд, их хэмжээгээр уураг ялгаруулна. Үүний зэрэгцээ гуурсандаа уснаас төмөр, ванадийн ионыг сороод уутнаасаа аажмаар гаргаж, уурагтайгаа холиход бага зэрэг биежиж цавуу болдог байна. Ингэж цавуу үйлдвэлэхэд голын дун 2-3 минут зарцуулдаг гэнэ. Эл технологийг шүдний эмчилгээнд ашиглах боломж нээгдсэн гэдгийг “Science” сэтгүүлд нийтэлжээ.
Бэлтгэсэн Э.Хана