Олон улсын охидын өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-аас 2012 онд уг өдрийг санаачилснаас хойш дэлхий нийтээр тэмдэглэх болжээ. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өчигдөр төв талбайд “Бүүвэй-бүү айг” арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр төв талбайд сандлууд дээр туулайн 300 чихмэл байрлуулжээ. Гурван охинтой аав эдгээр чихмэлийг урласан бөгөөд хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын тулд дорвитой арга хэмжээ авах шаардлагатайг шийдвэр гаргагчдад сануулахыг зорьсон аж. “Охидын эрхийг хуулиар хамгаалах, хохирсон эрхийг нь нөхөн төлүүлэх асуудлыг эрх баригчдад сануулахын тулд бүжингүүдийн “суултыг” зохион байгууллаа. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг өршөөлд хамруулахгүй байх, ялын доод хэмжээг нэмэх, ажлын байрны бэлгийн дарамтыг Эрүүгийн хуулиас хассаныг нэмж оруулах шаардлагыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эрх баригчдад тавьж байна” гэж холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл хэлэв.
Тус холбооноос мэдээлснээр, манай улсад жилд дунджаар 300 гаруй хүүхэд хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, бие махбодын болон сэтгэлийн шархтай үлдэж байна. Сүүлийн таван жилд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 1323 нь эмэгтэй, 47 нь эрэгтэй аж. Түүнчлэн тэдний 96 нь долоо хүртэлх, 431 нь 8-13 настай байжээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа учир үүнд анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авах цаг болсон гэдгийг Монголын эмэгтэйчүүдийн холбооныхон онцолж байлаа.
Бэлтгэсэн М.Оч