“Ковид-19”-өөр өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа эмнэлгүүдийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгажээ. Улаанбаатар хот дахь 23 эмнэлгийг уг шалгалтад хамруулсан байна. Цар тахал өргөн хүрээнд тархсаны улмаас тэдгээрийн 41 хувь нь орны тооноос хэтрүүлэн өвчтөн хүлээн авч, хүний нөөцийн дутагдалд орсныг шалгалтаар тогтоожээ. Мөн эмнэлгүүдийн 10 орчимд нь нэг эмчид 30-70, сувилагчид 120-130 өвчтөн ногдож байгаа аж. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 35 хувийнх нь биеийн байдал хүнд болон маш хүнд байгаагаас нэг хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээний үргэлжлэх хугацаа уртасжээ. Үүнтэй холбоотойгоор орны эргэлт удааширч, эмч, сувилагч нарын ачаалал ихэссэн байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сараас эмнэлгийн ор зохицуулах баг ажиллаж эхэлсэн. Эмнэлгүүдийн ачаалал их байгаатай холбоотойгоор тус багийнхан өвчилсөн иргэдийг оновчтой эрэмбэлэн ангилах, шинэ менежмент хийхэд анхаарч буй гэнэ.
Бэлтгэсэн Ч.Зул