“Залагдаж очоод, зардал гаргаад буцна” гэдэг бол эцэг, эхийн хурлыг ёгтолсон шинэ егөөдөл. Ерөнхий боловсролын сургуулиудын эцэг, эхийн хурлын үеэр ярьдаг нэг асуудал нь мөнгө цуглуулж, сургууль, анги, багшид шаардлагатай хэрэгсэл, эд зүйлс худалдан авч өгөх, эсэх тухай байдгаас ийнхүү хэлсэн хэрэг. Техник, технологи хөгжиж буй энэ үед сургуулийн өрөө, танхимуудад принтер, канон, зурагт, ус болон агаар цэвэршүүлэгч, хувцасны шүүгээ зэрэг тавилга, хэрэгсэл зайлшгүй хэрэгтэй болсон гэнэ. Харин цар тахал дэгдэн хөл хорио тогтоон, цахимаар хичээллэх болсноор эцэг, эхийн хуралд залагдаж очоод, зарлага гаргаад буцах нь цөөрснийг хэлэх хүн цөөнгүй байна. Гэхдээ л дараах жишээг дурдаж болох нь.
Хан-Уул дүүргийн XV хорооны нутагт ерөнхий боловсролын сургууль барин, энэ хичээлийн жилд ашиглалтад оруулсан. БНХАУ-ын санхүүжилтээр барьсан, 920 хүүхэд хүлээн авах боломжтой жишиг сургууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүллээ хэмээн сүртэй мэдээлсэн. Гэтэл тохижилт нь хангалтгүй байсны улмаас бүх өрөө, танхимыг хичээллүүлж чадахгүй “алаг цоог” ажилласаар өнөөдрийг хүрчээ. Тухайлбал, ширээ, сандлуудыг нь хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх явц удааширч хугацаа алдсан, эхний ээлжид татан авсан нь цөөдсөн зэргээс үүдэн энэ сар гартал бүрэн хичээллээгүй юм байна. Үүнээс гадна зөвхөн ширээ, сандлаас өөр тавилга, хэрэгсэлгүйг нь эцэг, эхчүүд тохижуулж өгчээ. Дээрх сургуульд хоёр хүүхэд нь суралцдаг аав “Манай хүүгийн анги 150000, охиных 100000 төгрөг татсан. Хэдийгээр эцэг, эхчүүд зөвшилцөөд өгсөн ч улсын сургуулийг тохижуулахад сурагчид мөнгө төлж буйд гайхаж байна. Хүүхдүүд хөшиг, самбар, ус цэвэршүүлэгч, хувцасны шүүгээ зэргийг худалдан авч өгсөн. Мөн хэвлэгч, түүнийх нь хор, бичгийн цаас зэргийг нь ч бэлтгэсэн” гэв. Мөн дээрх сургуульд ихэр хүүхэд нь суралцдаг нэгэн ээж “Манайх нийт 300000 төгрөг өгсөн. Хүүхдүүдээ ая тухтай орчинд сургах ганц зорилгоор л мөнгө өгөхийг зөвшөөрсөн. Гэхдээ цөөнгүй эцэг, эх мөнгө төлөхдөө бухимдаж байсан. Уг сургууль нь 1-5 дугаар ангитай байсныг өргөжүүлж, 1-12 дугаар ангийнхан суралцах боломж бүрдүүлсэн. Өмнө нь байсан ангиудыг нэмж тохижуулаагүй гэж бодоход нийт 12 ангийн долоогийнх нь 4-5 бүлэгт хөшиг, шүүгээ, ус цэвэршүүлэгч зэргийг авч өгсөн гэсэн үг. Нэг ангид дунджаар 40 хүүхэд сурдаг гэвэл багаар бодоход нийт 30 гаруй сая төгрөг хуримтлуулж, “тордсон” нь чамгүй их дүн” хэмээн ярив.
…Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлалтай нэгэн сургуулийн тавдугаар ангийнхан багшдаа компьютер авч өгчээ. Багшийнх нь компьютер “муудсан”, цахимаар хичээллэж буй энэ үед үзүүлэлт сайтай, шинийг авч өгөх нь хүүхдүүдийнхээ хичээл, сурлагад анхаарч буй хэлбэр хэмээн эцэг, эхчүүд нь зөвшилцсөн ч татгалзсан нь цөөнгүй гэсэн. Ингээд 60 гаруй хүүхдээс тус бүр 38 000 орчим төгрөг цуглуусан аж…
Чингэлтэй дүүрэг дэх нэгэн сургуулийн бага ангийнхны хичээллэдэг танхимд зурагт авч суурилуулан, хичээл, сургалтад нь нэмэр болгох тухай яриа өнгөрсөн оны өдийд, коронавирус тархаагүй байхад гарсан. Гурван сая орчим төгрөгийн үнэтэй зурагтыг авахад 56 хүүхэдтэй нэг бүлгийн, хүүхэд тус бүрээс 54 000 төгрөг цуглуулахаар шийджээ. Харин зарим эцэг, эх зурагт ямар ч хэрэггүйг хэлж, хүүхдүүдийг дэлгэцийн хамааралтай болгоход нэрмээс болно хэмээн татгалзсанаар дээрх санаачилгыг цуцалж байв. Гэсэн хэдий ч тус сургуулийн дийлэнх ангид ус цэвэршүүлэгч тавих, коридорт нь хувцасны өлгүүр суурилуулж, шүүгээ хийх зэрэгт зарцуулахаар нэг хүүхдээс 10000-15000 төгрөгийг өнгөрсөн жил, хичээл “хаах”-аас өмнө татсан. Мөн 1-5 буюу бага ангийнхнаас нь хуримтлалын мөнгө хэмээн сард нэг хүүхдээс 5000-10000 төгрөг цуглуулж хадгалдаг жишиг бий. Улсын сургууль учраас нэг бүлэгт багадаа 50 орчим хүүхэд суралцдаг, 5000 төгрөгөөр тооцвол сард 250000 төгрөг, хичээлийн нэг жилд бараг 2.5 саяыг цуглуулж хэвшсэн юм билээ. Эл мөнгийг багш нарын баяраар бэлэг авч өгөх, ангид шаардлагатай зүйлсийг худалдан авах зэрэгт зарцуулдаг гэсэн. Тус сургуулийн дөрөвдүгээр ангийн нэгэн сурагчийн ээж “Хүү маань 2018 онд нэгдүгээр ангид ороход сар бүр хуримтлалд 5000 төгрөг, тухайн хичээлийн жилд нийт 45000-ыг өгсөн. 2019, 2020 онд 30000, ингээд нийт 75000 төгрөг хураалгаад байна. Манай хүүгийн анги 56 сурагчтай учраас дөрвөн сая гаруй төгрөг бий байх. Миний мэдэхээр хуримтлалын мөнгөөр ямар нэг зүйл худалдан аваагүй нь сургуулиуд цахимаар хичээллэж эхэлсэнтэй холбоотой. Энэ хичээлийн жил эхлээд хуримтлалын мөнгө аваагүй ч ариутгал, цэвэрлэгээний бодист зарцуулна хэмээн нэг хүүхдээс 6000 төгрөг татсан” гэлээ.
Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлалтай нэгэн сургуулийн тавдугаар ангийнхан багшдаа компьютер авч өгчээ. Багшийнх нь компьютер “муудсан”, цахимаар хичээллэж буй энэ үед үзүүлэлт сайтай, шинийг авч өгөх нь хүүхдүүдийнхээ хичээл, сурлагад анхаарч буй хэлбэр хэмээн эцэг, эхчүүд нь зөвшилцсөн ч татгалзсан нь цөөнгүй гэсэн. Ингээд 60 гаруй хүүхдээс тус бүр 38000 орчим төгрөг цуглуусан аж. Компьютер авч өгсөн ангийн сурагчийн ээж “Эцэг, эхийн зөвлөлийн санаачилга, олонхийн саналаар багшид компьютер авч өгсөн ч надад таалагдаагүй. Улсын сургуулиудын нэг ангид ногдох хүүхдийн тоо олон, багшийнх нь ачаалал их гэсэн шалтгаанаар манай хүүхдүүд нэг, хоёрдугаар ангид суралцаж байхад туслах багш авч цалинжуулж байсан. Туслах багш нь оюутан учраас бүтэн өдрөөр биш, цагаар ажиллан, нэг хүүхдээс сард 5000 орчим төгрөг гаргуулж байв. Хүүхдүүдийнхээ хичээл, номд шаардлагатай мөнгийг гаргахдаа санаа зовдоггүй хүн байгааг үгүйсгэхгүй ч төрийн өмчийн сургуулиуд яагаад мөнгө татаад байдгийг ойлгохгүй нь” гэлээ.
Тэгвэл Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангийн нэг сурагчаас ариутгалын бодис авах, хүн хөлслөн ангиа цэвэрлүүлэх зорилгоор хичээл эхлэх үед 20000 төгрөг хураасан аж. Тухайн сургуулийн үйлчлэгчид ачаалал ихтэй учраас хүүхдүүдийг цахимаар хичээллэх долоо хоногт ангид нь их цэвэрлэгээ хийлгүүлэх цэвэрлэгээний компани хөлсөлсөн учраас тэр. Сард 1-2 удаа ирж цэвэрлэх багийнхны хөлсийг сурагчид төлөх бөгөөд эцэг, эхчүүд нь зөвшөөрсөн юм гэсэн. Үүнээс гадна Ховд аймгийн нэгэн сумын сургуулийн дотуур байранд суух сурагчдад намар хичээлдээ ирэхдээ хоёр шуудай аргал авчрах даалгавар өгсөн байсан. Аргалыг нь сурагчдын хоол цайг бэлтгэхэд ашиглах аж. Түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн лицей сургуулийн ахлах ангийнхан технологийн хичээлдээ шаардлагатай наамал хийц, шигтгээ зэргийг хүүхэд тус бүр 8000 төгрөгөөр худалдан авч, ашиглсан тохиолдолд ч өнгөрсөн сард гарсан.
Энэ бүхнээс харахад сургуульд, анги танхимд улмаар дотуур байранд шаардлагатай зүйлсийг сурагчид нь худалдан авч өгөх, бэлтгэн нийлүүлдэг муу жишиг тогтсон байна. Үүнээс гадна ялангуяа хотын төвд байрлалтай XXIII, I, V сургуулийнхан “арын хаалгаар” харьяаллын бус хүүхэд элсүүлдэг, нэг ангид суралцагчийнх нь тоо 50-иас дээш байдгаас шалтгаалж, бага ангидаа туслах багш авч ажиллуулдаг нь нууц биш. Туслах багшийн цалинг сурагчдын эцэг, эх төлдөг. Цаашилбал шинэ сургууль ашиглалтад оруулж, тохижуулахад дээр дурдсанчлан ширээ, сандлаас бусад эд зүйлийг сурагчдаар бэлтгүүлсэн аж. Ерөнхий боловсролын сургуулиуд нь сурагчдаасаа ил, далд мөнгө татаж буй талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос лавлав. Тэрбээр “Төрийн өмчийн аль ч сургуулийн удирдлага, багш нар сурагч болон эцэг, эхчүүдээс ямар нэгэн байдлаар мөнгө гаргуулах учиргүй. Цэвэрлэгээ хийх хүн хөлсөлсөн, эсэх талаар анх удаа сонслоо. Сургууль, дотуур байрнуудын ариутгал цэвэрлэгээ, түлшний зардал зэргийг төрөөс олгодог болохоор сурагчдын ар гэрээс мөнгө авахгүй гэсэн үг. Багш нарыг цахимаар хичээл заах боломжийг сургуульд бүрдүүлэн, шаардлагатай эд зүйлсээ өөрсдөө бэлтгэсэн. Багшид, сургуульд мөнгөөр эд зүйл худалдан авч өгсөн, өгөх шаардлага гарсан тохиолдолд салбарын яаманд мэдээлэх хэрэгтэй. Шалгаж, арга хэмжээ авч болно” гэлээ.