Дорноговь аймгийн Замын-Үүд сумд үүссэн хүндрэл, бэрхшээл өдгөө ч хэвийн болоогүй, улам хүндэрсэн талаар улс хоорондын ачаа тээврийн жолооч нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Улмаар тус сумд стандартын бус аргаар нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж буйгаа мэдээллийн эхэнд онцлов.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн төлөөлөл н.Эрдэнэбилэг энэ талаар "38 мянга гаруй иргэн амьдардаг Замын-Үүд сумын суурьшлын бүсэд авто замаар нүүрс тээвэрлэлт явуулах гэж байгааг сумын иргэд эсэргүүцэж, явуулахгүй байх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт уламжилъя. Ганц хилийн боомтоороо нүүрс тээвэрлэдэг болчихвол хоёр дахь Цагаан хад болж хувирна шүү дээ. Замын-Үүд сумын иргэд эрүүл цэвэр орчинд амьдрах хэрэгтэй. Манай суманд нүүрс тээврийг татах терминал ч байхгүй бөгөөд ямар ч боломжгүй" хэмээн ярилаа.
Мөн жолооч нарын төлөөлөл “Үнийн хөөрөгдлийн асуудлыг ярихдаа тээвэрчид үнэ өсгөж байна гээд буруу мэдээллийг нийгэмд өгч байгаа нь харамсалтай. Бодит байдал дээр Замын-Үүд боомтоор иргэдийн тээврийн машинаас 25 машин л өдөрт ордог. Харин "Засгийн газар, онцгой газрын цохолттой нүүрс тээврийн машин" гэх нэрийдлээр өдөрт 40-50 машин орж байна.
БНХАУ-ын Эрээн хот руу орох тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийг бид шаардаж байгаа. Ингэвэл хүссэн хүсээгүй ачаа тээврийн үнэ бууна. Үнэхээр Эрээн рүү монгол жолооч авах боломжгүй байгаа бол Эрээнээс Өвөрмонгол жолооч нэмж гаргаж өг. Бид эндээс тээврийн хэрэгслээ 100-гаар нь чөлөөтэй гаргадаг болъё. Ингэж байж үнийн хөөрөгдөл бодитоор буурна. Энэ нь ч хамгийн зөв шийдэл.
Гацаа үүсэж байгаа шалтгааныг бид огт мэдэхгүй. Эрээний талаас л хориг тавиад байна гэх мэдээлэл өгдөг. Олон жилийн туршлагаас харахад уг нь Эрээнд 100 байтугай машин авах талбай, склад хангалттай байдаг. Энэ ойлгомжгүй асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. Бид Засгийн газраас тавьсан гэрээний дагуу л ажиллаж байна. Иргэд бухимдаад ирэхээр энэ жолооч нар л тээврийн үнийг нэмээд байгаа мэтээр буруу тайлбарлаж явдаг.
Хоёрдугаарт, цар тахал гараад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Жолооч нар аль хэдийнээ өвчний талаар ойлголттой болчихсон. Тэгтэл яам, дарга сайд, харьяа агентлагийн нэрийг бариад Замын-Үүд дээр янз бүрийн компани орж ирээд зориулалтын бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсье” гэв.