Манай улсад халдвар авсан хүмүүсийн одоогоор 20 орчим хувь, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн найман хувийг хүүхдүүд эзэлж байна. Өвчилсөн хүүхдүүдийн биеийн байдлыг ажиглахад хоёроос бага настай хүүхдүүд коронавирусээр халдварласан тохиолдолд хүнд хэлбэрээр өвчилж, уушгины хатгалгаатай болох эрсдэлтэйг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Э.Есү сэрэмжлүүлэв. Түүнчлэн эрсдэлт бүлгийн буюу чихрийн шижин, багтраа, зүрхний дутагдал, уушгины архаг өвчин, хорт хавдар, тураал, сульдаа, цус багадалт, харшил зэрэг суурь эмгэгтэй хүүхдүүд коронавирусээр халдварласан тохиолдолд биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй тул зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэв. Мөн томуу, томуу төст өвчнөөс хүүхдээ хамгаалахыг эцэг, эхчүүдэд зөвлөлөө.
Тэрбээр “Манай улсад жил бүр аравдугаар сарын дунд үеэс гуравдугаар сарыг дуустал амьсгалын замын өвчлөл ихсэж, ханиад, томуу дэгддэг. Тиймээс томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх вакциныг аравдугаар сар гэхэд эрсдэлт бүлгийнхэн буюу бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүст хийж хэвшсэн. Энэ жил цар тахлын улмаас томуугийн дархлаажуулалтыг арай эрт буюу есдүгээр сарын эхээр эхлүүлсэн. “Ковид-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн хоёр жил дэлхий дахинд томуу, томуу төст өвчний дэгдэлт бага байлаа. 2019 оноос хойш төрсөн хүүхдүүд томуугийн хүрээний ямар ч вирусийн эсрэг дархлаагүй байна. Тиймээс хүүхдээ коронавирусээс гадна томуугаас хамгаалах нь чухал” гэв.
Бэлтгэсэн М.Оч