Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын нийт 54 дотуур байранд энэ хичээлийн жилд 7900 гаруй оюутан амьдарч байгаа аж. Халдварын эрсдэлээс сэргийлэхийн тулд уржигдраас дотуур байрны оюутан, багш, ажилтнуудыг коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунд хамруулж эхлэв. Үүний хүрээнд дархлаажуулалтын явуулын баг дотуур байрнуудад ажиллаж буй юм байна. Өчигдрийн байдлаар АШУҮИС-ийн дотуур байр, “Оюутны өргөө-1”, “Оюутны өргөө-2” дахь оюутнуудыг сайн дурын үндсэн дээр дархлаажуулжээ.
Улсын хэмжээнд одоогоор 332 000 хүн коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсэн байна. Энэ нь хоёр дахь тунг тариулсан иргэдийн 15.6 хувь аж. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам гурав дахь тунгийн талаар “Вакцины нэмэлт тунг хийлгэсэн иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл 55-аас дээш насныхан илүү идэвхтэй хамрагджээ. Гурав дахь тунгийн хамгаалах чадвар 99 хувьтай байгаа” гэсэн юм.
Манай улсын иргэдээ дархлаажуулж байгаа вакцинуудын судалгааг АШУҮИС, ХӨСҮТ болон томоохон эмнэлгүүдэд хийж буй гэнэ. Уг судалгаануудын үр дүнд хоёр тунг тариулснаас хойш 14 дэх хоногт эсрэг биеийн түвшин нэлээд өндөр болдгийг тогтоожээ. Харин түүнээс хойш эсрэг биеийн түвшин сар сараар буурч буй учир дархлаа сэргээх гурав дахь тунг хийлгэх нь зүйтэй гэж албаныхан зөвлөлөө.
Бэлтгэсэн М.Оч