Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” 17.4 сая ширхэг хувьцаа нэмж гарган олон нийтээс 14.2 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ сарын 4-8-нд авч дуусав. Ингэхэд 1861 иргэн, аж ахуйн нэгж оролцож, 25 570 677 ширхэг буюу 20.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий захиалга ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, санал болгосноос 46.2 хувиар давсан гэсэн үг. Андеррайтераас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын 13 041 306 ширхэг буюу 10.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий захиалгыг бүрэн биелүүлэхээр болжээ. Тэгвэл олон нийтээс ирүүлсэн 4 443 356 ширхэг буюу 3.62 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий захиалгыг 35.5 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар болсон байна. Санхүүгийн зохицуулах хорооноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэрлэсэн үед хөрөнгө оруулагчид үнэт цаас авч чадаагүй үлдсэн мөнгөө буцаан авах эрх үүсэх нь.
Бэлтгэсэн Б.Сонор