Орон нутагт байдал ямар байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэх байх. Учир нь аймгуудын нэгдсэн эмнэлэг болон сум дундын, мөн сумын эмнэлгийн хүний нөөцтэй холбоотой мэдээллийг уг яаманд нэгтгэдэг аж. Юутай ч одоогийн байдлаар улсын хэмжээнд 600 орчим эмч, эмнэлгийн ажилтан шаардлагатай байгаа юм билээ.
“Ковид-19” оноштой эмчлүүлэгсэдтэй тулж ажиллаж буй эмч нар юу хэлж байна вэ. Чингэлтэй дүүргийн XV хорооны “Энэрэнгүй сэтгэл” өрхийн эмнэлэг дөрвөн эмчтэй ажиллах орон тоотой ч өдгөө гурвуул байгаа юм байна. Нэг нь хувийн шалтгаанаар ажлаас чөлөө лөгдсөн. Зарын дагуу нэг эмч очсон ч одоогоор ажиллах, эсэхээ шийдээгүй байгаа гэнэ. Тус эмнэлэгт хүн хүч ихээхэн хэрэгтэй байгаа гэсэн. Эднийх иргэдэд PCR гэхээс илүүтэй түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийх нь давамгай бөгөөд өдөрт 70 хүртэлх хувь нь буюу 25-30 хүн “эерэг” гэсэн хариутай буцаж буй тул энэ хэрээр эмч нарын ачаалал ихсэж буй. Амралтын өдрүүдэд ээлжилж ажилладаг бөгөөд голдуу айл өрхүүдээр явж эмчилгээ хийж, үйлчилгээ үзүүлдэг ажээ.
Мөн нийслэлийн өрхийн нэгэн эмнэлэгт ажиллаж байгаад ажлаас сайн дураар чөлөөлөгдсөн, нэрээ хэлэхийг хүсээгүй эмчийн ярьснаар хорооны түр оршин суугчдад эм, эмнэлгийн тусламж үзүүлэх санхүүжилт байдаггүйтэй холбоотойгоор “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүсийн зүгээс хэл ам их гаргадаг байна. Иргэд байдлыг ойлгодоггүй, тайлбарлахад хүлээж авдаггүй бөгөөд хэл амаар доромжлох, юм авч шидэх, биед хүрэх гэхчлэнгээр дайрч давшилсан удаатай гэнэ. Ийм дарамттай тулгарсан залуу эмч нар шантардаг аж. Ажлын дараа амрах боломж байхгүй. Оршин суугчид шөнө ч зөвлөгөө авах нэрийдлээр утасдаж, улмаар мөн л загнахаа урдаа барьдаг гэнэ.
Томоохон эмнэлгүүдэд цар тахлын нөхцөл байдал болон эмч, ажиллагсдын сэтгэл санаа ямархуу байгаа талаар тандаж Цэргийн төв эмнэлгийн, хэдхэн хоногийн өмнө дүүг минь эдгээсэн залуу эмчтэй холбогдож мэдээлэл авахыг оролдсон юм. Тэрбээр “Улаан бүс”-д ажиллаж байгаа болохоор, тэгээд ч өвчин нь хүндэрсэн хүн олонтой тул асуултад тухтай хариулах завгүй гэдгээ дурдаад, юутай ч эмч нарын дунд ажил хэцүү байна, залхлаа гээд явсан нь үгүй гэдгийг хэлсэн юм. Харин тус эмнэлэгт сувилагч хүрэлцэхгүй байгаа тухай хүний нөөцийнхөн нь мэдээлэв. Сувилахуйн их, дээд сургууль төгссөн, сувилах эрхийн лицензтэй, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай мэргэжилтнүүдийг ажилд урьж байгаа аж. Тэднийд хэдэн сувилагч дутуу байгаа талаар лавлахад “Цэргийн байгууллага тул тодорхой тоо хэлэх боломжгүй” гэлээ. Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд буйг энэ мэт жишээнээс харж болох бөгөөд хаана, хаанаа хүлээн зөвшөөрдөг ч даруй ямар арга хэмжээ авах, бодлогыг хэрхэн өөрчлөх, шинэчлэх талаар хэн ч, ямар ч санаа оноо дэвшүүлдэггүй хэвээр. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг боломжийн хэмжээгээр өсгөх тухай салбарын сайд нь өнгөрсөн зун хэлсэн ч, өнөө хэр амласан ёсоороо нэмүүлэхгүй байгаа.
Эрүүл мэндийн салбарт ажиллах хүчний хомсдол ийнхүү үүссэн тул коронавируст халдварын тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын багт иргэдийг сайн дураар ажиллуулж эхэлсэн билээ. Тэднийг нийт 910 ажлын байранд өдрийн 50 мянган төгрөгийн цалинтайгаар ажиллуулах боломжтой. Гэхдээ мэдээж сайн дурынхныг “Улаан бүс”-д нэвтрүүлэхгүй. Утсаар мэдээлэл өгөх, эм савлах, хүргэх болон гэрээс хийх ажилд туслуулдаг. Мөн өрхийн эмнэлгийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж болохоор заасан. Иргэд яг л хүүхдийнхээ сургуулийн гадаа замын хөдөлгөөний зохицуулагч болон ажилладаг шиг эмнэлгүүдэд сайн дураар ажиллаж буй талаараа хааяа мэдээлсээр. Олны танил хүмүүсээс лав реппэр Жи ийм ажил хийсэн, эмнэлгийн ажилтнуудад туслангаа юм юмны дөртэй болсон тухайгаа хэлсэн юм. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Ковид-19”-ийн шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд төдийлөн буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсээр байна. Нэг хороонд коронавирусийн халдвар авсан 300-гаас дээш тооны батлагдсан тохиолдол илэрвэл тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулах зохион байгуулалт хийж байгаа юм. Ийм хороо нийслэлийн хэмжээнд 35 байна” гэж байсан.
Манай улсад цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байна. ЭМЯ-наас өчигдөр мэдээлснээр “Ковид-19”-ийн тохиолдол шинээр 2060 бүртгэгдсэн бол 7722 иргэн эдгэрчээ. Гэтэл энэ мэдээлэл асуудал дагуулав. “Өчигдөр хэвтэн эмчлүүлж байгаа, гэрийн хяналтад байгаа хүний тоо нийлээд 77 мянга гаруй байсан. Гэтэл өнөөдөр 7722 хүн эдгэрсэн гэх атал дүн нь нэмэгдээд 83 мянга болчихжээ. Эндээс харвал хоногт 10 гаруй мянган хүн халдвар авсан нь батлагдсан гэхээр байна. Ийм зөрүүтэй. ЭМЯ ядаж мэдээллээ зөв өгч байгаач” хэмээн зүхэх хүн байв. Гэртээ, өвдөөд хэвтэж буй нь олон болохоор тэр байх, иргэд энэ чиглэлийн мэдээлэлд тун соргог. ЭМЯ асуудалд хайнга хандахад хэн хүнгүй бухимдах нь аргагүй биз ээ. Өвдсөн, хүндэрсэн, ойр дотныхноо алдсан хүмүүс Засгийн газар, ЭМЯ-ыг аврагч хэмээн найдах ч, энэ мэтчилэн алдаа гаргаад байхаар дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болдог биз ээ. Уг салбарт лав коронавируст халдварын эсрэг дорвитой арга хэмжээ авахаа байсанд олон нийт гайхсаар, бухимдсаар байгаа юм. Ялангуяа Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг юм юманд буруутгах янзтай. Сайд “Өрхийн эмнэлэг түргэвчилсэн тестийн үнийг иргэдээс нэхэх ёсгүй” хэмээн мэдэгдсэнийг өрхийн эмнэлгийнхэн бурууиргэд болон эмч нарыг талцуулахаа боль. Өрхийн эмнэлэг түргэвчилсэн оношлуурын мөнгийг хаанаас олох вэ, сайд аа. Ер нь ямар ч судалгаагүй, үндэслэлгүй ярьдаг зуршлаас тань салбарынхан залхаад удлаа” хэмээн сэтгэгдэл бичсэн нь ч байсан. Хамгийн сүүлд гэхэд түүнийг “Сайд цар тахалтай тэмцэх арга олж чадахаа байсан. Тийм болохоор зүгээр суухаар гэж хаана, юу болно, тэнд явж байдаг болов уу. Багануур дүүргийн төрөх эмнэлгийн нээлтэд Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайханыг дагуулан очихдоо ч яадаг юм. Хийх ажилгүй юмнууд” хэ мээн дургүйцэв. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд салбарын удирдлагадаа итгэл алдарснаар ажлаа урамтай, эрч хүчтэй хийх хөшүүрэггүй болсон мэт. Өвдсөн ч үгүй юм шиг зүтгэх тэнхээгүй, улмаар сэтгэлгүй болсон лугаа адил санагдана.
Дээр дурдсанчлан одоогоор нийслэлд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан бий юм байна. Цаашид хэд болох юм бол. Орон нутагт байдал ямар байгаа вэ. Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 600 орчим эмч, эмнэлгийн ажилтныг хэрхэн нөхөх юм бол. Ямар бодлого хэрэгжүүлж, арга хэмжээ авах гэж байна вэ, ЭМЯ, сайд аа. Өвчин цар тахлаар хязгаарлагдахгүй.