Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу холбогдох ажлын хэсгийн гишүүд нэр дэвшигчидтэй ярилцлага хийх ёстой. Эл ярилцлагыг өнгөрсөн баасан гаргаас эхлүүлж, өчигдөр дуусгалаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэрээ дэвшүүлээд буй. Нэр дэвшигч 30-60 минутын хугацаанд ажлын хэсгийн гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, ярилцсан байна. Үүгээр тухайн нэр дэвшигчийг эл албан тушаалд тэнцэх хангалттай мэдлэг, ёс зүй, ур чадвар, туршлагатай гэдгээ танилцуулах болон өөрийнх нь талаарх аливаа сөрөг мэдээлэл байвал түүнийг үнэн зөвөөр тайлбарлах боломж олгохыг ажлын хэсгийнхэн хэлж байсан.
Ташрамд дурдахад, ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдээр УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Мөнхбат, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхимын профессор, доктор О.Мөнхсайхан, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нар ажиллаж байгаа юм.
Бэлтгэсэн У.Наран