Хан-Уул дүүргийн XXIII хорооны оршин суугч Д.Мигэддорж цахилгаан хөдөлгүүртэй “Nissan leaf”, БНХАУ-д үйлдвэрлэсэн “ID.4-crozz” автомашин хэрэглээд дөрөв орчим жил болжээ. Байгальд болон хүний эрүүл мэндэд ээлтэй, хэрэглээний зардал багатай учраас тэрбээр цахилгаан автомашин сонгосон аж. Гурван жилийн өмнө “Nissan leaf”-ийг 20 орчим сая төгрөгөөр худалдан авсан бол “ID.4-crozz”-ыг 150 гаруй саяар аваад жил гаруйн хугацаа өнгөрсөн гэнэ. Тэрбээр “Цахилгаан автомашин хэрэглэхийн давуу тал их. Юуны түрүүнд, зардал багатай, эрүүл мэндэд ээлтэй. Төрөл бүрийн шатахууны найрлагад химийн хорт бодис багтдаг, шатах явцад химийн нэгдэл үүсгэн, хор ялгаруулдаг. Агаарын бохирдлын томоохон шалтгаан нь дотоод шаталтат хөдөлгүүрээс үүсдэг бол цахилгаан автомашин хор нөлөөгүй. Монголд цахилгаан тэрэг хэрэглэх хүний тоог олон болгохын тулд юуны түрүүнд машинаа хаана ч цэнэглэж болох нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Цахилгаан ашиглалтын аюулгүй байдлыг дээр зэргээр хангасан, газардуулгыг зөв хийсэн орчинд цахилгаан тэрэг цэнэглэдэг. Би хувьдаа гараашдаа өндөр ампертай цахилгаан дамжуулах утас, залгуур бүхий үүсгүүр бэлтгэсэн. “ID.4-crozz” автомашиныг 220 вольтын цахилгаанаар 4-5 цаг бүрэн цэнэглэн, 500-550 км явж болдог. Үүнд 3000 төгрөг л зарцуулдаг. Би хот дотор төдийгүй Улаанбаатарын ойролцоох аймаг, сумд руу цахилгаан тэргээ унаж явдаг. Дорнод, Дорноговь аймагт цахилгаан машин цэнэглэх үүсгүүр бий” гэв.
Манай улсад энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1.1 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлжээ. Үүнээс дизель, бензин зарцуулдаг болон цахилгаан хосолсон хөдөлгүүртэй нь 1.01 сая орчим, хийгээр ажилладаг нь 24 300, цахилгаан хөдөлгүүртэй нь 370 байгаа аж. Цахилгаан автомашинуудын 200 гаруйг нь сүүлийн таван жилд борлуулсан, засвар, үйлчилгээг нь хариуцдаг “Leaf center” гэж бий. Тус төвийн захирал Т.Тумбиш “Цахилгаан автомашин сонгох нь хоёр давуу талтай. Нэгдүгээрт, манай улсад эрчим хүч хямд. Хоёрдугаарт, агаарын бохирдлын тал хувь нь автомашины түлшний шаталтаас үүсдэг. Тиймээс цахилгаан автомашины хэрэглээг өсгөвөл эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй” гэсэн юм.
Цахилгаан автомашиныг 220 вольтын цахилгаанаар цэнэглэж болох бөгөөд тусгай залгуур, цэнэглэх үүсгүүр хэрэгтэй аж. Одоогоор Улаанбаатарт Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх боломж бүрдүүлэх зорилгоор “Номин”, “Таван богд” зэрэг компанийн хийсэн 10 орчим үүсгүүр бий гэнэ. Харин тэнд нь Японд үйлдвэрлэсэн автомашин л цэнэглэдэг бөгөөд Хятадаас оруулж ирснийх нь эзэд гэр, ажлынхаа ойролцоо талбай бэлтгэн цэнэглэдэг юм байна. Цахилгаан автомашинууд эрчим хүч хуримтлуулах тэжээлийнхээ хүчин чадлаас шалтгаалж нэг цэнэглэхэд 2500-3000 төгрөг зарцуулж, 150-550 км явдаг аж. Мөн цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгсэл импортлогчдыг гаалийн онцгой татвараас чөлөөлдөг бол жолооч нар нь агаарын бохирдлын төлбөр төлдөггүй. Түүнчлэн дэлхий дахинд цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэн, ялангуяа урд хөршид шинэ тутам үйлдвэрлэсээр байгаа учраас 2018 оноос хойших шинэ, шинэвтэр автомашин худалдан авах боломжтойг Т.Тумбиш дурдсан. Гэхдээ “он залуу” тэрэг өндөр үнэтэй буюу Хятадад үйлдвэрлэсэн өнгө, үзэмж сайтай шинэ тэргийг одоогоор 68-73 сая төгрөгөөр зарж буй нь “Prius-20”, “Prius -30” автомашинаас 2-3 дахин өндөр дүн юм. Тиймээс импортын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлбөл үнэ нь хямдарч, илүү олон хэрэглэгч “ногоон” машин унах боломж бүрдэх нь. Цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалтгүй унаж болдог төдийгүй зунд олон цагаар түгжирч зогсох үед хөдөлгүүр нь автоматаар унтарч, эрчим хүч зарцуулдаггүй давуу талтай аж. Цахилгаан мотортой учраас хөдөлгүүрийн тос, масло хэрэглэдэггүй тул жил бүр тосоо солиулж, мотороо цэвэрлүүлэх зардлыг хэмнэдэг юм байна. Харин цахилгааны үүсгүүр ховор байгаагаас цэнэгээ бүрэн алдахад удаан хугацаагаар цэнэглэх шаардлага үүсдэг аж. Энэ тохиолдолд гадаа хэт хүйтэн байвал хөдөлгүүр нь доголдох, мотор нь ажиллахгүй саатах магадлал өсдөг гэсэн. Тэгвэл цахилгаан автомашин ус туулах чадвар муутай гэдэг нь ташаа ойлголт аж. Бусад автомашинтай ижил өндөртэй учраас бартаат зам, гол, ус туулахад ялгаагүй, төвөггүй гэдгийг хэрэглэгчид нь хэлсэн. Тэгэхээр цахилгаан автомашин хэрэглэхийн давуу тал цөөнгүй байх нь. Тухайлбал, хос хөдөлгүүртэй буюу шатахуун хамгийн бага зарцуулдаг “Prius” маркийн автомашинаар 500 км замыг АИ-92 бензин зарцуулж туулахад улирал болон замын бартаанаас шалтгаалж 60 000-100 000 орчим төгрөг болно. Тэгвэл цахилгаан автомашинаар ийм км зам туулахад 3000 орчим төгрөг л шаардлагатай.
Нийслэлд цахилгаан автомашин засварын төв ховор гэнэ. “Leaf center” өөрсдийн борлуулсан машиныг засварлаж, оношилдог бол зарим томоохон засварын газарт компьютер оношилгоог нь хийж өгдөг гэсэн. Мөн эвдэрч, гэмтсэн тохиолдолд сэлбэгийг нь борлуулагч цөөн, ялангуяа БНХАУ-д үйлдвэрлэсэн машин доголдвол тухайн үйлдвэрээс нь захиж авчруулдаг байна. Улаанбаатарт цахилгаан автомашин цэнэглэх үүсгүүр суурилуулах төлөвлөгөө байгаа, эсэх талаар нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодруулахад “Цахилгаан автомашины хэрэглээг нэмэх зорилгоор төлөвлөсөн ажил цөөнгүй. Үүнд импортын зарим татвар, хураамжаас чөлөөлөх, цэнэглэх үүсгүүрүүдийн тоог олшруулах зэрэг багтаж буй. Гэхдээ хэзээ, ямар татвараас хэр хэмжээгээр чөлөөлөх, хаана цэнэглэгч суурилуулах талаар хэлэлцэж буй учраас одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломж алга” хэмээн дээрх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн дурдлаа.
2020 оны байдлаар дэлхийн зах зээлд цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарын зах зээлийн үнэлгээ 162.3 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 10 жилд жилд дунджаар 50 хувиар өссөн дүн болжээ. Түүнчлэн 2027 он гэхэд уг дүн 800 тэрбум ам.доллароос давахыг virta.global цахим хуудсанд дурджээ. 2019 онд олон улсад цахилгаан хөдөлгүүрт 2.1 сая автомашин борлуулсан бол өнгөрсөн жил 2.3 саяас давж, худалдсан нийт автомашины 4.5 хувийг цахилгаан хөдөлгүүрт тэрэг эзэлж түүхэн дээд түвшинд хүрчээ. Одоогоор БНХАУ-д 2.3 сая хэрэглэгч цахилгаан автомашин унаж буй нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт аж. Удаах байрт орсон АНУ-д 1.2, Европын Холбооны орнуудад 1.1 сая ширхэг цахилгаан автомашин хэрэглэж буй дүн байна.
Дэлхий дахинд цахилгаан автомашины үйлдвэрлэл болон хэрэглээний 70 хувийг БНХАУ эзэлж буй бөгөөд тус улс уг автомашины борлуулалтаас 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум юаниас давсан ашиг олох зорилготойг цөөнгүй эх сурвалжид дурджээ. Мөн урд хөршийн томоохон 20 хотод цахилгаан автомашин үйлдвэрлэх, иргэдийн хэрэглээг дэмжих, цэнэглэх үүсгүүрүүд суурилуулах зорилгоор тус бүр 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг сүүлийн 3-4 жилд хийжээ. Түүнчлэн цахилгаан автомашины нэр, төрөл, загвар олширч 2-5 зорчигч суух боломжтой авсаархан хийцтэйгэээс гадна хүнд даацын ачааны машиныг ч “Форд” компани нийлүүлэхээр төлөвлөжээ. Сонирхуулахад, урд хөршид энэ оны нэгдүгээр улиралд хамгийн олон тоогоор зарагдсан, “Mini wuling hong guang EV” машиныг нэг удаа цэнэглээд 170 км явах бөгөөд 6000 “ногоон”-оор үнэлсэн нь хамгийн хямд дүн болжээ. Тэгвэл манай улсад Япон, БНХАУ, ХБНГУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашиныг шинэ, хуучнаас нь шалтгаалж 25-170 сая төгрөгөөр борлуулж буй.