Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Энэ оны зургадугаар сард өргөн барьсан, өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн эл төслийг гишүүн Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин, Х.Булгантуяа нар санаачлан боловсруулсан юм. Харин хуудас ч хүрэхгүй, ердөө дөрвөн зүйл бүхий эл төсөл өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээгээр хэрүүлийн бай болж, санаачлагчид нь бие биенээ чичлээд эхлэв. Тухайлбал, уг төслийг санаачлагчдын нэг П.Анужин “Хууль боловсруулагч Х.Ганхуяг болон боловсруулалцсан гишүүд ээ! Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл, заалтыг бусад санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж, танилцуулалгүй сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томьёолон оруулж ирсэн, “хуулийн хулгай”-гаа эргүүлэн тат. Хуулийн өөрчлөлтийг дэмжин гарын үсэг зурахад эдгээр зүйл, заалт байгаагүй. Тиймээс би “хулгай” гэж хэлнэ. Бодож буй шиг чинь яаран, дааран мөнгө төгрөгний босго, оршин суух эрх ямбаар оролдож хөрөнгө оруулалтыг сэргээхгүй” гээд төслөө эгүүлэн татахыг шаардсан. Мөн нэг санаачлагч Д.Өнөрболор “Хуулийн төслийг боловсруулах явцад гишүүдийн санал, байр суурийг нэгтгэх хурал нэг ч удаа болоогүй. Энэ төслийг байнгын хороогоор хэлэлцэх гэж байгааг надад огт мэдэгдээгүй. Хуулийн төслийг санаачлагч, чиглүүлэгч, ахлагч Х.Ганхуяг гишүүн та ёс зүйтэй бай” гээд олон нийтэд тайлбар хийхийг шаардсан юм. Уг төсөлд чухам юу тусгав.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5- д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг хэлнэ хэмээн заасан. Тэгвэл 100 мянган ам.долларын босгыг үгүй болгож, оронд нь Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байр бий болгосон, аж ахуйн нэгжийн орлогын болон бусад татвар төлөгч байх шаардлага тавихаар төсөлд тусгасан байгаа юм. Нөгөөх нь гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийснийг нь үндэслэн олон удаагийн орж, гарах виз олгох тухай зохицуулалт.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд шинэчлэн баталснаар гадаадын хөрөнгө оруулалт буурсныг хэлэх хүн цөөнгүй байдаг. Гэвч 100 мянган ам.долларын босгыг өөрчлөх нь зохисгүй хэмээн байр сууриа илэрхийлж буй. Хууль санаачлагч гишүүн Х.Ганхуяг хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй байх зарчим баримтлах нь зүйтэй гэж төслөө тайлбарласан. Манай улсад байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн судалгаанаас харахад 2013 оныг хүртэл жил бүр 900-1500 компани байгуулагддаг байсан бол 2013 оноос хойш жилд 380, 330, 280 гэх мэтээр буурч, 2020 онд 79, энэ оны эхний хагас жилийн байдлаар 35 болжээ.
Харин хамтрагч нараараа “нүдүүлсэн” Х.Ганхуяг гишүүн нийгмийн сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлэхдээ “Хүчин мөхөс эдийн засагтай байлгах хүсэл чухам хэнд ашигтай байгаа нь сонирхол татлаа. Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлыг хольж хутгаж, холбож харлуулах гэж хичээж байгаа үйлдлүүд нөхөн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн өнгөцхөн явуулга байж болох ч ард иргэдэд бодит байдлаас гажуудуулсан мэдээлэл өгч, эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны хөгжлийг сааруулсан хор хөнөөл дагуулах байдлаар үргэлжлүүлж буйд туйлын харамсалтай байна. УИХ-ын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан цагаас эхлэн төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзаж, өнгөрсөн оны есдүгээр сард Төрийн ордонд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын форумыг нэр бүхий гишүүүдийн хамт санаачлан зохион байгуулж, 400 гаруй бизнес эрхлэгчийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамддаг гол асуудал нь одоогийн хуульд буй нэг хөрөнгө оруулагч нь 100 мянган ам.доллароос багагүй хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн заалтаас болж хөрөнгө оруулалт авч чаддаггүй явдал. Тухайлбал, 50/50 хувийн хамтарсан компани байгуулах тохиолдолд монгол иргэн мөн адил 100 мянган ам.долларын хөрөнгө оруулах шаардлага үүсдэг талаар МҮХАҮТ, Америкийн худалдааны танхим болон бизнес эрхлэгчдийн зүгээс санал, хүсэлтүүдээ илэрхийлж байсан юм. Түүнчлэн энэ 100 мянган ам.доллар бодитоор Монгол Улсын эдийн засагт орж байгаа, эсэх нь тодорхойгүй. Цөөнгүй тохиолдолд компани байгуулах үед дансандаа байршуулж байгаад эргээд татдаг, төлбөр байршуулсан мэдээллийг тодорхой хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг зэрэг далд эдийн засагт шилжсэн, сайнгүй жишгүүдийн талаар ч хэлж байсан” гээд төслөө буцаан татахгүйгээ мэдэгдэв. Мөн хуулийн төслийг хамтран санаачилсан гишүүд, тэдний гэр бүлийнхнийг элдвээр заналхийлэх үйлдлүүд гаарч, маш их дайралтуудад өртөж байгааг тэрбээр дурджээ. Түүний хэлснээр тус төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг энэ долоо хоногт зохион байгуулах бололтой. Түүнчлэн хуулийг санаачлагчдын нэг Х.Булгантуяа гишүүн ч хэлэлцүүлгийн үеэр төслөө дэмжиж, байр сууриа илэрхийлж байсан юм. Тэд төслөө татах уу.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар санаачлагч нь төслөө хэлэлцүүлгийн аль ч шатанд татан авч болно. Гэхдээ хэд хэдэн гишүүн хамтарч төсөл санаачилсан бол олонхын саналаар татан авах ёстой. Тэд төслөө татахаар санал нэгдвэл үндэслэлээ тусгасан албан бичгийг УИХ-ын даргад ирүүлэх бөгөөд үүнийг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар асуудал эцэслэгдэх аж.