УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт өчигдөр 07.00- 22.00 цагт боллоо. Өмнөх өдөр нь буюу бямба гарагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал санал авах ажиллагааг 09.00-20.00 цагт зохион байгуулсан юм. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр 2861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.7 хувь нь буюу 2424 нь сонгуульдаа оролцов. Хүсэлт гаргасан сонгогчдын зарим нь тусгаарлах байрнаас гарсан, хаяг дээрээ байхгүйн улмаас саналыг нь авч чадаагүй гэнэ. Коронавируст халдвар “Ковид-19”-ийн нөхцөлд сонгуулийг зохион байгуулж байгаа тул УОК-оос гаргасан чиглэлийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласан байна.
Хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороо ажилласан. Хэсгийн хороо буюу санал авах байр бүрт 1-2 камер байршуулж, бүх үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж, гомдол гарсан хэсгийн бичлэгийг дахин нягталж, ухраан үзэх зэргээр Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавилаа. 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтад 50 747, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт 113 934 сонгогч бүртгэлтэй байв.
Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирцийг 12.00 цагийн байдлаар танилцуулахад 18 дугаар тойрогт 10.9, 28 дугаар тойрогт 13 хувь нь саналаа өгөөд байв. Харин 13.00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт ирц 15.7, Хэнтий аймагт 12.6 хувьд хүрчээ. Дугаар шилжих мөчид буюу 20.00 цагийн байдлаар ирц Хэнтий аймагт 31.7, Сонгинохайрхан дүүрэгт 34.1 хувьтай байлаа. Санал тоолох төхөөрөмжид ямар нэгэн алдаа, эвдрэл гэмтэл гараагүйг сонгуулийн төв байгууллагынхан хэлсэн. Хэрэв сонгуулийн ирц 50 хувиас дээш гарахгүй бол долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулах аж.
Цагдаагийн ерөнхий газарт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх 46 мэдээлэл ирүүлжээ. Тэдгээрийн дийлэнх нь нэр дэвшигчдийн зурагт самбарыг устгасан гэх гомдол, зөрчил байжээ. Үүнээс зургаад нь шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байв.
Уул уурхайн салбарт нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр гарсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар сонсов.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой цахим уулзалт хийжээ.
Бэлтгэсэн Б.Уран