Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн манай орны ихэнх нутагт хүйтрэв. Бямба гарагт Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн зарим, Хэнтий, Дорнодын ихэнх хэсэгт нойтон цас орж, хүчтэй шуурч байсан бол өчигдөр Дундговь, Дорноговьд салхины хурд секундэд 19-24 метр хүрч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өчигдрийн 16.00 цагийн байдлаар Өвөрхангайн Богд сум хамгийн зузаан буюу 6-10 мм цастай байв. Төв аймгийн зарим сумд 2-6, Дундговийн нийт нутгаар 0.8-5, Хэнтийд 1-4 мм цасан бүрхүүл тогтжээ. Их хэмжээний нойтон цас орсны улмаас орон нутгийн авто зам мөстөж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор Төв, Хэнтий аймгийн цагдаагийн алба хаагчид өнгөрсөн амралтын өдөр хөдөлгөөний аюулгүй байдал сахиулан ажилласан байна.
Цаг агаар газар тариалангийн бүсэд хэрхэн нөлөөлсөн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс тодруулахад “Мэдээллээ хараахан нэгтгээгүй байна. Тариалангийн бүсийн 30 хувьд цас орсон гэсэн урьдчилсан мэдээ байна. Цас хамгийн их хэмжээгээр орсон нь Төв аймгийн зүүн сумд. Хур тунадаснаас илүү аюултай нь хүчтэй шуурга байлаа. 8-9-нд шилжих шөнө болон бямба гарагт тус аймагт цас болон шороогоор шуурснаас тариаланчдын ажил саатсан. Энэ өглөөнөөс (өчигдөр) цаг агаар харьцангуй тогтворжсон. Өнөө (өчигдөр) шөнө зүүн аймгуудын ихэнх нутгаар цастай” гэв.
Бэлтгэсэн Ж.Сувд