2021.10.09 10.30 цаг Өвөл хаяанд ирснийг, нэлмийсэн их цас нэг л мэдэхэд хотыг бүхэлд нь бүрхэх цаг болсныг сануулах мэт хүйтэн өдөр байлаа. Малгайгүй удаан зогсоход чих хайрч, бээлийгүй явахад гар бээрэв. Тэнгэрийн цэлмэг, тогтуун төрхөд “хууртан” нимгэн хувцасласан хүн энд тэндгүй таарав. Зарим нь даарсан болжмор шиг бээвийн зогсоно. Нөгөө хэсэг нь ажлаа хурдан дуусгахаар шалавлаж байгаа нь илт мэдэгдэнэ. Тэдний дундаас ногоон хувцастай залуус содон харагдав. Ийш тийш гүйлдээд, идэвхтэй гэж жигтэйхэн. Тэд хүмүүст ажлынх нь талбарыг газарчлаад зогсохгүй заавар, зөвлөгөө өгнө. Үндсэндээ тэндхийн зохион байгуулагч аж. Тэд бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгжүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд. Харин тэдний зааварчилгааны дагуу ажиллахаар байраа эзэлсэн хүмүүс бол Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт нэгдсэн нийслэлчүүд. Иргэд энэ удаа цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд хэсэгт цуглажээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн албаны тарилтын инженер М.Шүрэнчимэг “200 гаруй хүн энд мод тарих урьдчилсан захиалга өгсөн. Бид тэр дагуу 10 төрлийн 3000 орчим модны тарьц, суулгац бэлтгэж, нүх ухсан. Манай инженерүүд иргэдэд зөвлөмж өгч, хянаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 32 төрөл, зүйлийн 142 мянган модтой. Жил бүр 5000-6000 мод нэмж тарьдаг. Цаашид 10 000 болгох зорилготой. 0.5 га талбайд байгуулсан мод үржүүлгийн газраа өргөтгөж, тарьц, суулгацын нөөцөө арвижуулах зорилт дэвшүүлсэн” гэж ярилаа. “Нийт моддын хэдэн хувь нь амьд, хэвийн ургалттай вэ. Арчилгаа, усалгаатай холбоотой шүүмжлэл байнга гардаг шүү дээ” гэхэд “Ногоон байгууламжийн хяналт харьцангуй сайжирсан. 50 гаруй хүн зөвхөн арчлалт, усалгаа хариуцаж байна. Нийт модны 90 гаруй хувь нь хэвийн ургалттай” хэмээв.
Гэр бүл, төрөл садан, найз нөхдөөрөө ирсэн хүн олон байв. Бурхан болоочийнхоо дурсгалд зориулж, эцэг, эхийнхээ мэндэлсэн ойг нь угтан “ногоон суварга” босгох зорилготой хүмүүс ч байлаа. Тэдний нэг болох М.Дунгармаа “Миний аав Г.Мижиддорж гэж манж хэл судлаач, эрдэмтэн хүн байсан юм. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд олон жил ажилласан. “Манж, монгол хэлний харьцаа”, уул уурхай, амьтан, ургамлын тайлбар толь гэхчлэн олон ном зохиосон. Аав минь 1984 онд зуурдаар таалал төгссөн. Мэндэлснийх нь 85 жилийн ой энэ онд тохиож байна. ХБНГУ-д амьдардаг дүү минь уг ойд зориулж ном бичиж буй бол Монголд амьдарч байгаа хүүхдүүд нь мод тарих санаачилга гаргасан. Мод тарих шиг буянтай, сайхан үйл үгүй” гэв. Бямба гарагт намрын адаг сарын билэгт сайн өдөр тохиосон нь иргэдийг ийш хөтлөх бас нэг шалтгаан болжээ.
Багын найзуудтайгаа ирсэн Б.Эрдэнэтогтох “Бид хавар, намар тогтмол мод тарихаар тохиролцсон юм. Хаана таривал болох вэ гэж удаан ярилцсан. Уг нь цөлжилт ихтэй газарт тав, арван мод таривал илүү тохиромжтой байх. Гэхдээ эргэж тойрч, арчлахгүй бол нэмэргүй. Ойрыг нь бодоод эндхийг сонгосон. Эхний ээлжид тус бүр гурав, нийт 15 мод тарина. Туршлагатай болсны дараа тоог нь олшруулна” хэмээн төлөвлөгөөгөө танилцууллаа.
Дараа нь бид МУИС-ийн Экологийн боловсролын төвийг зорив. Эл төвийнхөн ойрын өдрүүдэд нийслэлчүүдэд мод тарих зөвлөгөө, мэдээлэл өгч, үржүүлгийнхээ талбайд бойжуулсан тарьц, суулгац нийлүүлж буй. Тиймээс тус газар Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр иргэдийн хөлд дарагдан буй хэмээн таамагласан нь эсрэгээрээ байв. Харин “Байгаль-эх” лицей ахлах сургуулийн сурагчид тэнд цөөн тооны мод тарьж байхтай таарав. Сургалт хариуцсан менежер залуу “Өмнөх өдрүүдэд нэлээд ачаалалтай ажилласан. Өнөөдөр нам гүм байна” хэмээв. Дээрх сургуулийн 12б ангийн сурагч П.Лхамноржин “Манай сургуулийн зүгээс онцгой анхаарал хандуулдаг, сурагчдад танин мэдүүлж, ойлгуулахыг зорьдог гол сэдэв бол цөлжилт. Үүнийг бууруулахын тулд хүн бүрийн хичээл зүтгэл, оролцоо чухал. Цөлжилттэй тэмцэхэд бага боловч хувь нэмэр оруулахаар энд зогсож байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Гадаа хэдий жиндүү байсан ч нийслэлчүүд байгалиа гэсэн халуун сэтгэлээр Бүх нийтээр мод тарих өдөрт ийнхүү нэгдлээ. Харин төрийн байгууллагынхан сүрийг үзүүлж, “сурталчилгаанд тоглосоор” байна. Тэд 22 дахь удаагийн тэмдэглэлт өдрийг тайзны баяр бол гож орхив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мод үржүүлгийн газруудад очихдоо өмссөн “Тэрбум мод, үндэсний хөдөлгөөн” гэсэн бичиг, лого бүхий цэнхэр өмсгөл (куртка)-өөр жигдэрч, гангарсан төрийн алба хаагчид, олны танил хүмүүсийн зураг энд тэндгүй үзэгдэх болов. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрсдийн нэрэмжит төгөл байгуулахаар ирсэн төрийн зарим байгууллагынхан ижил хувцас, малгайгаар жигдэрсэн байв. Үүнд тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан нь ойлгомжтой. Дээрээс нь байгууллага болгон тарьсан модоо өмчилж, сурталчлах зорилгоор модон пайз босгосоор байна. “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжигч байгууллага …..” хэмээн нэрээ тунхаглах жишээтэй. Тэрчлэн “Бидний тарих тэрбум мод таны тарих нэг модноос эхэлнэ” гэсэн элдэв уриалга, ухуулга бүхий бичигтэй “ганган” тайз хаа сайгүй засав. Мод тарихаар төлөвлөсөн газар болгонд ийм зүйл босгосон гэхэд хилсдэхгүй. Өнөөх нь ердөө хэн нэг даргын “титэм үг”-ийг цугласан хүмүүст хүргэх зориулалттай.
Олон нийт энэ бүхэнд шүүмжлэлтэй хандах болов. Тэгэхээс ч аргагүй. Тэрбум мод тарина хэмээн дэлхий нийтийн өмнө чанга дуугарсан ард түмэн илүү хариуцлагатай, тооцоо судалгаатай хөдлөх ёстой. Гэтэл мордохын хазгай гэгчээр барианаасаа бүтэл муутай эхлэв. Барилдахаасаа таахалзах нь их гэгчээр төлөвлөсөн ажлынхаа таван хувийг ч гүйцэлдүүлээгүй байж дэндүү том дуугарцгаав. Модоо яаж тарих вэ гэдэгт бус, энэхүү санаачилгыг хэрхэн сурталчлах вэ гэдэгт анхаарлаа. Хувцас, пайз, хулдаасан хэвлэл, тайз зэрэг үр ашиггүй зүйлсэд эхнээсээ мөнгө “урсгах” боллоо. Энэ алдаа, гажуудлыг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тод томруунаар харууллаа. Үнэндээ тэрбум мод тарихад тайз, дүрэмт хувцасны аль нь ч хэрэггүй. Гагцхүү оновчтой төлөвлөлт, зөв менежмент чухал. Гэтэл монголчуудад яг одоо хийрхэл, хэлбэрдэлт хоёр л байна.