Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газартай хамтарч ажиллахаар болжээ. Үүний дагуу Авлигатай тэмцэх газраас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталдаг дүрэм журмыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад танилцууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа төрийн үйлчилгээг цахимжуулахыг чухалчлан, ил тод, хүртээмжтэй байдлыг ханган, хүнд сурталгүй яам болохыг зорьж ажиллаж байгаагаа онцолсон. Мөн салбарын хэмжээнд хийгдэж байгаа дотоод хяналт, шалгалтын үр дүнгийн талаар товч танилцуулж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон байдал, нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдлаар хийсэн шалгалтын явцын тайлангаа дэлгэжээ. Улмаар салбарын хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх, хамтарсан хяналт шалгалтад Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оруулах саналаа илэрхийлэв.