Дэлхийн аялал жуулчлалын байгууллага энэ оны гуравдугаар улирлын тайлангаа танилцуулав. Он гарснаас хойш 82 сая хүн олон улсад аялжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 40, уржнангийнхаас 80 хувиар буурсан үзүүлэлт аж. Бүс нутгаар авч үзвэл Америк, Европт аялал жуулчлал харьцангуй идэвхтэй байгаа бол Ойрхи Дорнод, Ази, Номхон далайн бүсийн орнуудад утаагүй үйлдвэрлэлийн салбар хамгийн их алдагдал хүлээсэн байна. Тухайлбал, Ази, Номхон далайн орнуудад жуулчилсан хүний тоо олон жилийн дунджаас 95, өнгөрсөн оныхоос 84 хувиар буурч, тус салбар 230 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Харин хамгийн өндөр үзүүлэлттэй, олон жуулчин хүлээж авсанд тооцогдож буй (одоогийн байдлаар) Америк тивд 2020 оныхоос 68 хувиар цөөн хүн аялж, салбарын орлого 180 тэрбум ам.доллароор багасжээ. Хил дамнасан аялал жуулчлалыг идэвхжүүлж, сэргээхийн тулд улс орнууд вакцинжуулалтыг эрчимжүүлэх, тодорхой нөхцөлүүдийг үндэслэн хязгаарлалт, хоригоо сулруулах, гадаад жуулчдад мөрдүүлэх стандарт, журмыг нээлттэй болгох, цахим технологи ашиглан зарим төрлийн үйлчилгээг хялбаршуулах шаардлага тулгарч байгааг тус байгууллага тайландаа онцолжээ.
Бэлтгэсэн Ж.Сувд