Хувь хүний туулах хувь тавилан шиг аливаа зүйлд ч өөрийн гэсэн замнал байдаг аж. Ялангуяа онцгой, содон, өвөрмөц зарим урлагийн бүтээлийн хувьд хүнийхтэй адил хувь тавилантай нь бий. Зарим бүтээлийн хувьд бүтээгч, зураачаасаа шалтгаалан оньсого шиг болсон нь бий. Тийм “амьдрал” туулсан хоёр бүтээлийн талаар өгүүлье.
ЭЗЭНДЭЭ ГОЛОГДСОН ХӨРӨГ
Энэ бол 1954 онд Британийн зураач Грэхем Вивиан Сазерландын зурсан Уинстон Черчиллийн хөрөг. 80 насных нь ойг тохиолдуулан Лордын танхимын гишүүдийн захиалгаар зурсан эл бүтээл эзэндээ огт таалагдаагүй учраас олон нийтийн хүртээл бололгүй олон жил хонгилын өрөөнд “хэвтсэн” түүхтэй. Захиалгыг гүйцэтгэсний дараа уг зургийг Вестминстерийн ордонд ёслол төгөлдөр гардуулжээ. Үүний дараа У.Черчилль эхнэртээ хандан зургийг таалахгүй байгаагаа хэлээд, хүмүүст үзүүлэхгүй байхыг гуйж, бүр амлалтыг нь авсан гэдэг. Үүний дагуу эхнэр нь уг хөргийг байшингийнхаа хонгилд хадгалж байжээ.
Уг хөрөг бүтээл яагаад сураггүй болсон, хаана байгаа гэхчлэн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг удаа дараа татсан байдаг. Анх 1970-аад оны сүүлээр Британийн “Sunday telegraph” сонинд Уинстон Черчиллийн 80 насны ойд зориулан зурсан хөрөг шатаж үгүй болсон байх магадлалтай гэж мэдээлжээ. Хэдийгээр энэ нь тухайн хүний болон гэр бүлийнх нь хувийн өмч боловч улсын түүхтэй холбоотой уран бүтээл учраас дураараа устгаж, үгүй хийх эрхтэй юү хэмээн асуудлыг эл нийтлэлээрээ хөнджээ. 1978 онд Америкийн “Нью Йорк таймс” сонин мөн л ийм утгатай нийтлэл бичжээ. 2010-аад онд Грэхем Сазерландын уг зургийн тухай нийтлэлүүд “Times”, “Telegraph” зэрэг сонинд дахин гарч, чухам яагаад сураггүй болсон талаарх хувилбаруудыг “ярьжээ”.
“Уинстон Черчиллийн хөрөг” нэртэй энэ зургийг бүтээлгэхийн тулд Британийн парламентын хоёр танхимын гишүүд хандиваар 1000 гинеа буюу алтан зоос (Англи, Британид 1663-1813 онд гүйлгээнд ашиглаж байсан) босгосон нь тухайн үедээ асар их мөнгө гэдгийг түүхч Селиа Ли тэмдэглээд “Черчилль өөрөө зургийг гэртээ байлгахаар зөршөөрөл авсан. Ингэхдээ түүнийг нас барсны дараа Британийн парламентын Нийтийн танхимд буцааж өгөх болзолтойгоор хүсэлтийг нь ёсчилсон” гэж бичжээ.
Урлагийн түүхийн ухааны доктор, Кингстоны их сургуулийн эрдэмтэн Жонатан Блэкийн дурссанаар бол уг бүтээлийг туурвихдаа “Уинстон Черчиллийг парламентын хуралд оролцохдоо ихэвчлэн өмсдөг байсан хувцастай нь дүрслэхийг чиглэл болгосон” байна.
Энэхүү хөргийг гардуулахаас хоёр долоо хоногийн өмнө Уинстон Черчилль (1874-1965 он. 1940-1945, 1951-1955 онд Британийн Ерөнхий сайд, Нобелийн утга зохиолын шагналтан)-д үзүүлэхэд таашаагаагүй гэнэ. Судлаач Энтони Форбс Моирын тэмдэглэснээр “Тэрбээр Сазерландын бүтээлийг хараад “Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би түүхэнд ийм дүр төрхтэйгөөр үлдмээргүй байна” гэж хэлжээ. Энэ зургийн талаар түүний хэлсэн үгний хэд хэдэн хувилбар бий аж. Тэдгээрийн нэг нь “Би шуудуунаас гаргаж авсан согтуу хүн шиг харагдаж байна” гэсэн үг юм. Ямартай ч ёслол болохоос өмнө хэдэн өдрийн өмнө хөргийн эзэн зураачид илгээсэн захидалдаа “Уран зургийн хувьд хэдийгээр чадварлаг болсон ч парламентын хоёр танхимын гишүүдийн бэлэг болгон өгөхөд тохиромжгүй гэж бодож байна. Тиймээс Ёслолд бэлтгэх хороо үүнийг батлахаас өмнө бид тохиролцож болно гэж найдаж байна” хэмээн саналаа хэлсэн аж.
Уг зургийг 80 насных нь ойгоор Ерөнхий сайд асанд гардуулснаас хойш хэсэг хугацааны дараа урлаг судлалаар сурч байсан Силия Ли хэмээх оюутан У.Черчиллийн Лондон дахь харшид зочлохдоо хонгилд нь өлгөөтэй байхыг харсан гэж мэдээлжээ. Үүнээс хойш 23 жилийн хугацаанд өнөөх хөргийн талаар ямар нэгэн асуудалгүй, чимээгүй байжээ.
Британийн Ерөнхий сайд асан эрхэм хүмүүн нас барж, удалгүй эхнэр Клементин нь байшингаа заржээ. Нөгөөх зургийн хувьд Нийтийн танхимд буцааж өгөөгүй бөгөөд “Нөхрийнхөө хүсэлтээр утсгасан” гэж тайлбарласан аж. “Уинстон Черчиллийн хөрөг” бүтээлийг устгасан нь үнэн гэдгийг У.Черчиллийн охин 1965 онд бичсэн ээжийнхээ тухай дурсамж номдоо өгүүлжээ. 1977 онд Клементин Черчилль таалал төгсөж, ач хүү Уинстон Спенсер-Черчилль нь 1978 оны нэгдүгээр сард эмээгийнхээ захиасын дагуу хэвлэлийнхэнд мэдээлэл хийж “1954 онд Грэхем Вивиан Сазерландын зурсан “Уинстон Черчиллийн хөрөг” зургийг устгасан” гэж албан ёсоор зарлажээ.
Урлаг судлалын шинжээчид үүнийг “Орчин үеийн Британийн урлагийн түүхэн дэх хамгийн утга учиргүй үйлдэл” гэж дүгнэсэн байдаг.
Британийн алдарт зураач, сюрреалист Г.Сазерланд (1903-1980)-ын эл бүтээлийн эх зургийн зарим хувилбар өдгөө Лондон дахь Британийн үндэсний хөрөг зургийн болон Бивербрукийн галерейд хадгалагдаж буй аж. Урлаг судлаач, 1957-1971 онд Йелийн их сургуулийн уран зургийн галерейн захирал байсан Эндрю Карндуф Ритчийн дүгнэснээр Г.Сазерландын энэхүү хөрөг энэ цаг үеийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг байжээ.