УИХ дахь цөөнхийн бүлгийнхэн, АН-ын удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд болж байгаа хүний эрх зөрчсөн үйлдлийн талаар тэд байр сууриа илэрхийлсэн юм. Хүний үндсэн эрх болох үзэл бодлоо илэрхийлэх, Үндсэн хуульд заасан эрхээ иргэд эдлэх аргагүй болсныг онцлов. Иргэд, цагдаа нарын хооронд эрх баригчид албаар үл ойлголцол бий болгож, ардчилсан нийгмийг залгамжлан авч явах чадамжгүйгээ нотоллоо гэсэн юм.
Парламент дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Түүхий эдийн супер цикл эхэлсэн, иргэдийн амьжиргааг хоёр дахин сайжруулах боломжийг эрх баригчид ашиглаж чадахгүй байна” гээд Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагаа үргэлжлүүлэн хүргүүлж, тэмцсээр байхаа мэдэгдлээ. Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 1994 батлагдсан Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль өнөө цагт зохицохгүй болсныг тэмдэглээд, хууль санаачлах эрхийнхээ хүрээнд үүнийг шинэчлэх төсөл боловсруулж, өргөн барихаа хэллээ.
Мөн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Эрх мэдэлтнүүдийн эсрэг жагсахдаа өөрсдөөс нь зөвшөөрөл авдаг тогтолцоо Монгол Улсад бүрдлээ. Хүний эрх, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх эрхийг бүдүүлгээр зөрчиж байгааг эсэргүүцэж байна. Засгийн газар нь УИХ-ын дээр гарчихлаа. Эрүүгийн хуулиар хүмүүсийг барьж, хорьж, цагддаг жишиг тогтсон. МАН-ын дарангуйллын зэвсэг нь цагдаа боллоо. Дурын хүнийг дарамталдаг, хорьдог тогтолцоог үгүй хийх хэрэгтэй. Иргэнээ дарамталдаг засаглалтай улс хөгжихгүй” гээд Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай хэмээлээ.
Бэлтгэсэн Б.Уран