Цар тахлын нөхцөл байдлын талаар нийслэлийн Онцгой комиссоос өчигдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сарын сүүлчээр нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын хоёр сургууль коронавирусийн улмаас танхимын сургалтаа бүрэн зогсоосон байв. Тэгвэл өчигдрийн байдлаар ийм арга хэмжээ авсан сургууль байхгүй гэж нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул мэдээллээ. Харин Налайх, Сүхбаатар дүүргийн Насан туршийн боловсролын төв танхимын сургалтыг бүрэн зогсоожээ. Түүнчлэн танхимын сургалтыг бүрэн зогсоогоогүй ч хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон 52 сургууль бий гэнэ. Тодруулбал, тэдгээр сургуулийн бага ангийн 88, дунд, ахлах ангийн 112 бүлэг зайны сургалтад шилжиж, цахимаар хичээллэж байна. Тухайн анги, бүлгээс долоо хоногийн дотор дахин халдвар илрэхгүй бол танхимын сургалтыг үргэлжлүүлж байгаа аж.Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын
хэмжээнд халдвар өргөн хүрээнд тархсан учир иргэд өвчлөл, хүндрэлээс сэргийлэхийн тулд коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунд хамрагдахыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж зөвлөлөө. Улаанбаатар хотын оршин суугчдын 70 гаруй хувь нь вакцины хоёр тун тариулсан бол 10 гаруй хувь нь гурав дахь тунд хамрагджээ. Тэрбээр мөн “Ковид-19” анх тархсанаас хойш нийслэлд 44 иргэн гэртээ нас барсныг хэлсэн юм. Тэдгээр тохиолдлын дийлэнх нь өнгөрсөн 4-5 дугаар сард бүртгэгдсэн байна.
Бэлтгэсэн М.Оч