Ирэх өвөл, хаврыг өнтэй давах зорилгоор улсын хэмжээнд малчид 1.2 сая тонн хадлан авахаар төлөвлөснөөс энэ сарын 1-ний байдлаар 800 000 орчим тонныг бэлтгэснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Түүнчлэн ногоон тэжээл хураах, үйлдвэрлэх ажлын явц 53 хувиас давж, өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн хангагдаж буйг дээрх яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх дурдлаа. Нийт нутгийн 80 хувьд энэ жил зуншлага сайн, өвсний гарц их байсан ч Хөвсгөл, Архангай, Завхан, Өмнөговь зэрэг аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй гэв. Манай орны нийт бэлчээрийн 66.7 хувь нь 2021, 2022 оны өвөл, хаврын улиралд хүрэлцээтэй гэсэн тооцоо гарчээ. Харин үлдсэн 33 гаруй хувь нь хүрэлцээ багатай буюу эрсдэлтэй гэнэ. Иймээс аймгууд өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, тарга хүч багатай малыг зах зээлийн эргэлтэд оруулах ажил зохион байгуулах шаардлагатай аж.
Бэлтгэсэн С.Дулам