Харуул хамгаалалтгүй ил зогсоол дээр зогсож байсан авто машинуудыг тонодог хоёр залууг өнгөрсөн сарын 27-28-нд шилжих шөнө үйлдэл дээр нь цагдаагийн ажилтнууд саатуулжээ. Машины эд анги хулгайлдаг уг хоёр залуу тухайн үед Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Удирдлагын академийн гадаах талбайн ил зогсоолд байсан иргэн Б-ын “Марк-2” маркийн автомашины гэрэл дохио, дотор нь байсан бусад эд ангийг нь хулгайлж байсан аж.
Энэ хэргийг 26 настай Б, 36 настай Г нар хамтран үйлдсэн бөгөөд тэд хоёулаа бага боловсролтой, эрхэлсэн ажилгүй юм байна. Б, Г нар цагдаагийнханд “Мөнгө олох өөр арга олддоггүй. Тэгээд харуул хамгаалалтгүй, камерын хяналтгүй зогсоолуудыг судалж байгаад машины эд ангийг хулгайлдаг. Голдуу гэрэл дохио, хөгжим, гэрэл, дотор нь амархан борлогдох зүйл байвал авдаг байсан. Цагдаад баригдахаасаа өмнө 7-8 удаа ийм хэрэг үйлдсэн” гэж тайлбарласан аж.
Шалгалтын явцад тэдний өөр үйлдлүүд ч илэрч байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Уг гэмт этгээдүүдийн хулгайл сан авто машины эд ангийг худалдан авдаг ченжийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд тогтоон мөрдөн байцааж эхэлжээ.